Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллийг хүргэж байна.
“Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.
Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10,
Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.
Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна” гэв.