Монголын улс төр гэж үхрийн бөөр шиг алаг эрээн. Нэг дуучин морин тэрэг хөлөглөөд ордонд ороод ирнэ. Нэг харахад наадмын зүлэг ногоон дэвжээ аятай баахан бие томтой бөхчүүд “Бөх бол төр” гэж хэлээд сууж байдаг. Эсвэл мөнгөө багтааж ядсан бизнесмэнүүд улс төрийн дамжаанд ороод ирсэн шиг цуглуулгатай болчихсон байх. Ирж яваа сонгуулийн өнгө өмнөхөөсөө улам дордож, нийгэмд сайн муугаар танигдсан, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан 200 гаруй хүн бие дааж нэр дэвшихээр бүртгүүлж амжлаа. Их хуралд дуучид, бөхчүүд, цүнх баригчид орж ирж байхад бид яагаад болохгүй гэж тэд бодсон биз ээ.
УИХ-д нэр дэвшигчдийн дийлэнх нь хууль санаачилж баталдаг ажил эрхэлдэг гэдгээ тэр бүр мэддэггүй бололтой. Гоё дарга болоод, бүрэн эрх гэх мэт хамгаалалтад ороод, ЖДҮ аваад л, өөрийн бизнесийг хамгаалаад байж байдаг газар гэж Монголын төрийг бодоод байх шиг. Сонгогчид ч бас өмнөөс нь асуудал шийдэх ёстой гээд итгэчихсэн. Хүүхдийн сургалтын төлбөр ч нэхэж байх шиг.
Сонгож байгаа, сонгогдож байгаа хоёрын аль аль нь үнэхээр асуудалтай байна. Мэдээж өнөөгийн улс төрд байгаа нөхөд бүгдээрээ авахын аргагүй, хаяхын эцэсгүй амьтад биш л дээ. Үе үеийн парламентад хийх ёстойгоо мэддэг, хэлэх ёстойгоо хэлчихдэг гишүүд байсан, цаашид ч байх нь дамжиггүй.
Энэ удаагийн сонгуулиар нэлээд хэдэн хуульч, эдийн засагч, инженерүүдийн нэр яригдаад байгаа нь олзуурхууштай юм. УИХ-д сонгож болох шинэ залуу хуульчдыг танилцуулж байна. УИХ-д нэр дэвшихгүй ч УИХ-д ороод ирвэл хэрэгтэй хуульчдыг бас үүнд багтааж байна. Цэгц шулуун, аливааг эрүүл саруулаар хардаг ийм залуус улс төрд орж ирээсэй.
Баттөмөрийн Энхбаяр: Дорнодынхон түүний аав Баттөмөрийг андахгүй. Энхбаярын аав, ээж хоёр хоёулаа багш. Оюутны ширээнээс гармагц сургуульдаа болон хувийн сургуулиудад багшилж байсан. Монголын толгой хуульчдын нэг С.Төмөрийн туслахаар ажиллаж байлаа. Шударга хуульчдын нэг тэрээр манай, танай нам гэлтгүй, хуулийн талд зогсож нийгэмд танигдсан.
“Хуулиас гадуур нийгмийн шударга ёсыг хэн ч тогтоохгүй. Энэ бол орчин цагийн эрх зүйт нийгмийн гол үнэт зүйл юм. Монголын төрд хууль л ноёлох ёстой” хэмээн хэлсэн хуульч залуу олны талархлыг хүлээж байв. Хууль зүйн дэд сайд байхдаа сайд Ц.Нямдоржийнхоо өөдөөс айлгүй зоригтой тэмцэж, хэлэх үгээ хэлж байснаараа “буруутаж” ажлаасаа “жийлгэж” байлаа.
Дашбалбарын Гангабаатар: Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын хүү Гангабаатар. Хууль зүйн ухааны доктор, профессор, Үндсэн хууль судлаач. Японы Нагоягийн их сургуулийг төгсч, хуулийн докторын зэргээ хамгаалсан.
Гадаад, дотоодын хэд хэдэн их, дээд сургууль төгссөн. Англи, орос, герман, япон, түвд хэлтэй. Америкт зочин багшаар ажилласан. Өндөр боловсролтой энэ залуу тэр болгон олны өмнө ил гараад байдаггүй. Эрдэмт хүн даруу гэгчийн үлгэр жишээ болсон залуу. Аль нэг намын харьяалалгүй.
Хуульч Чадраабалын Өнөрбаяр: Хууль зүйн ухааны доктор, профессор. Түүнийг хүмүүс Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээр нь шүүмжлэх гэдэг. Тэрээр үүнд хариулахдаа “Хамт ажиллаж байсан хүнээ муулах дургүй. Би Монголын төрд зүтгэсэн болохоос хувь хүнд ажиллаагүй” хэмээн хариулсан байдаг. Аав нь тээврийн жолооч байсан ч “Номтын толгой өөдөө” хэмээн сургаж, хожим нь хүү нь эрдмийн мөр хөөхөд нөлөөлсөн гэдэг.
Шихихутаг хууль зүйн дээд сургууль, МУИС-ийн хууль зүйн сургууль, Эдинбургийн их сургуулийн Хууль зүйн сургууль тус тус дүүргэсэн. Английн Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажилласан. “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч. Шударга, шулуун үгтэй, боловсролтой, зоримог, залуу хуульч. Хэлье гэснээ хэнээс айлгүй хэлчихдэг. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллахдаа 23 хуулийн төсөл дээр ажилласан байдаг.
Шилэн дансны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гэх мэт. Оруулж ирсэн хуулиа УИХ-ын чуулган дээр яс гаргалгаатай, чамбай тайлбарладаг байсан. Мөн тэрээр “Засгийн газрын дөрвөөс илүү гишүүн давхар дээлтэй байх ёсгүй” гэсэн Үндсэн хуулийн заалт 5 дугаар сарын 25-нд хэрэгжиж эхлэх ёстойг сануулж, дуугараад байгаа.
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ: Тэр бүр чанга дуугарч, энд тэнд савсаганаад байдаггүй, асуудалд нуруутай ханддаг залуу хуульч. Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан, манай нэртэй хуульч Дэмбэрэлцэрэнгийн хүү. Аав нь ч хуулийг намчирхал, улстөржилтөд уяж наадаггүй, шударга хүн байлаа. Ямар сайндаа өөрийг нь томилсон Ерөнхийлөгчтэй ана мана л үзэж тардаг байсан.
Д.Мөнх-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хуульчийн байр сууриа хатуу хамгаалан үгээ хэлж байсан. 2008-2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллаж байсан. Хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа газар чөлөөлөх ажлыг сайн гүйцэтгэсэн нь иргэдээс талархал хүлээж байлаа
Болдбаатарын Гүнбилэг: МАН-ын залуу хуульчдын нэг. Булганд бие даан нэр дэвших юм уу, аль нэг эвслээс нэр дэвших болов уу. Зарчимч, боловсролтой, хэлье гэснээ хэнээс айхгүй хэлчихдэг. Гэхдээ залуу хуульч сонгуульд түрээсэлдэг байраа зарж оролцоно хэвлэлээр илэрхийлж хатуухан шүүмжлэлд өртөөд авсан.
Одонхүүгийн Мөнхсайхан: Түүний аав Одонхүү философич. Хүү Мөнхсайхан нь харин хуульч. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор. Аливаад зарчимтай, судалгаатай, шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нагоягийн их сургууль төгссөн. Вашингтоны их сургуулийн зочин эрдэмтнээр ажилласан. Доктор, профессор.
Дашдондогийн Үүрцайх: Хуульч, нийтийн эрх зүй судлаач. Өмнөөлөгчөөр ажилладаг. Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга. Үндсэн хуулийн эрх зүй, сонгуулийн эрх зүй, улс төрийн намуудын эрх зүйг судалдаг. ХБНГУ-ын Боннын их сургуульд сонгуулийн эрх зүйгээр магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвших болов уу. Хэлсэн үг нь хүнд хүрдэг. Шулуухан үгтэй, ардчилсан үзэлтэй, зарчимч, сэтгэл хөдлөл ихтэй. Саяхан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр байр сууриа хэрхэн хамгаалж байгааг нь уншигч, үзэгчид санаж байгаа биз ээ.
Баасандоржийн Мэргэн: “Веритас Партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч. МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Төрийн албанд ажиллах, улс төрд орох сонирхолгүй гэж нэгэнтээ илэрхийлж байжээ. Сургуулиа дүүргээд хувийн жижиг бизнес эрхэлж байтал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуулчийн орон тооэд ажлын байр гарсныг сонсоод ажилд орох хүсэлтээ гаргаснаар орж ажилласан юм.
Тиймээс аливаад ам гарч болохгүй юм байна гэж ярьсан байсан. Анхаарал татсан олон хэрэг дээр өмгөөлөл хийж байсан.
Д.ОТГОНЖАРГАЛ
11 comments
Gangabaatar l gexees munkh-erdene unurbayar gvnbileg metiig xenxuulich gexiin be. Amidral vzeegvi atsnuud exleed zasangiin janxuu idej vzex xeregtei
yagaad vgvisgej baigaa bilee Munkh-Erdene gehed olon saihan zvil hiisen shvv dee gazar choloololt yawgan hvnii zam tawih suuts omchlogchdiin holboond zaragdsan gazriin butaaj ogoh geh met olon l zvil hiisen
unen unen
Хуулч гээд шууд жирийн хүнээс илүү болчихгуй. Эд нар хэт залуухан байна. Мөн амьдралын туршлага, хашир суугаагуй залуучуудыг уруу татаад замхаруулхад амархан. Одоо харлдаа нөгөө итлэл төрүүлээд ихийг бүтээх гэд байсан залуу улс төрчид, санаа их хувийн зорилго агуулаад шууд томчуудыг гүйцэтгэгчид болж байна. Мөн улс төрд зүтгээд байгаа ихэнх хүмүүс нь цэвдэг, хүйтэн сэтгэлтэй хүмүүс зүтгээд байдаг. Энэ нийгмийн ажил хөөцөлдөж яваагуй, том компаны эрх ашигтай холбогдож байсан хүмүүс юу л болдоо ?
Улс төрөөс ангид хуульчийн ёс зүйд нийцэж ажиллөх 2,3 үеэрээ шудрага ард түмэнд танигдсан хүн хуульчаар мэргэшиж дадлагажсаны дараа хууль боловсруулах,батлах үйл ажиллагаанд оролцдог байх,УИХ-р хууль төсөв 2-ыг хоёуланг нь шууд баталдаг биш мэргэжлийн яамдууд боловсруулж УИХ хянаад батлах хэрэгжүүлэх эрх олгодог байх ёстой. Одоогийн хууль, төсөв баталдаг эрх нь МУ-н тусгаар тогтнол тогтвортой хөгжилд ноцтой аюул учруулах эрсдэлтэй б.а.
Гангабаатар Энхбаяр 2 бол зарчимтай хуульч шиг санагддаг
тийм шүү
Гангабаатар Энхбаяр 2 бол боломжийн дэвшигчид, бусад нь цүнх баригчид байна, баахан худал онол ярьсан, хөлсний өмгөөллийнхөн. Хэн эднийг хуульч гэхэв.
яг тийм
яг тийм
Энхбаяр Дорнод гэлтгүй аль ч тойргоос гараад ирэх залуу даа.