“Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн голлох үзүүлэлтээ танилцууллаа. Тухайлбал татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар төлж, 105 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулснаа тайлагналаа.
Тус компанийн зүгээс Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарсны хажуугаар хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна гэжээ.
Хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийсэн хэмээн мэдээлсэн байна.