Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа эхлэхэд нэлээн хариуцлагатай байх ёстой талаар УОК-ын шуурхай штабаас анхааруулж байгаа бөгөөд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ-аас өгч буй зөвлөгөө, зөвлөмж, шаардлагуудыг хангах ёстой талаар мэдээллээ.
МХЕГ–ын дэд дарга Г.Сугарбат “Сургалтын төвүүдэд тодорхой зөвлөгөөг бэлэн болгоод албан бичгээр хүргүүлж байгаа. Хоёр сар гарангийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа зогссон. Иймээс цэвэрлэгээ хийж, ариутгалыг зайлшгүй хийсэн байх ёстой. Ингэж байж үйл ажиллагаа эхлэх боломж хангагдана.
Баар, цэнгээний газар бол бэлтгэл ажил хангаагүй, өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж хаагдаж байна. Үүнд иргэдийн буруу байхгүй. Ер нь урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хангаагүй, албаны анхааруулгыг дагаж мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй байна.
Сургалтын төвүүд сургалт зохион байгуулахдаа хүн хоорондын зайг 1,5 метр байлгаж, сургалтыг явуулах ёстой. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийн бүртгэлийг маш сайн хийх ёстой. Ингээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой. Хамгийн гол нь бэлтгэлээ сайн хангах ёстой шүү” гэдгийг онцгойлон анхаарууллаа.
ЭМЯ-аас хүргэж байсан зөвлөмжийг дахин сануулахад
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Аль болох цахим сургалт хийх
• Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
• Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
• Анги, танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• 2 цаг тутамд агаар сэлгэх
• Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
• Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
• Хүн хоорондын зай барих (1-1.5 метр)
• Анги, танхимд хооллохгүй байх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
• Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт)
Эрүүл мэндийн яам