COVID-19 халдварт вирусийн дэгдэлт Монголын нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэд үгээ хэлж эхэлжээ. Өмнө нь бид “МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Д.Оюунгэрэл”-ийн өгүүллээс хүргэж байсан бол энэ удаа ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Уянгын өгүүллээс хүргэж байна.
Тэрбээр “Хорио цээрийн үеийн төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг ёс зүйн утилитари онолоор тайлбарлах боломжтой. Засгийн газар нийт иргэдийн аюулгүй байдлын төлөө тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа нь аль болох олон хүний аз жаргалыг хамгаалсан шийдвэр болно. Харин энэ шийдвэрийн нөлөөгөөр цөөн тооны өвчилсөн байж болзошгүй хүмүүсийн зорчих, оролцох, хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж байна.
Энэ бол олонхийн эрх ашиг, сайн сайхан байдал нь цөөнхийн эрх ашиг, сайн сайхан байдлаас илүү үнэ цэнтэй гэсэн үг. Утилитари онолоор шийдвэр гаргахын тулд “зардал, үр ашгийн тооцоо” хийж үздэг. Хорио цээрийг тогтоогүйгээс үүдэн гарах хохирол, зардал нь хорио цээрийг тогтоосон үеийн зардалтай харьцуулахад ямар байх вэ? гэдгээр баримжаална.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, анхааруулгаас харахад хохирлыг хамгийн бага байлгах арга нь урьдчилан сэргийлэлт, түүнтэй холбоотой хязгаарлалтууд юм. Тиймээс хүн төрөлхтөн “бага хохирол” амсахын тулд “хөл хорионы дэглэм” тогтоох, үүнийг иргэн бүр олонхийн сайн сайхны төлөө хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм.
• Оюутнууд маань хорио цээрээс өмнөх үед семинарын хичээл дээр хиймэл оюун ухааны талаар ярилцахад “Робот багштай бол сайхан аа. Робот багш хэзээ ч ядрахгүй, уурлахгүй, өнгө үзэмжээр ялгахгүй. Сургууль дээрээ хэзээд ирсэн байж л байдаг. Нэг л удаа төлбөр төлж худалдаж авдаг тул сургуулийн төсвийг ч хэмнэнэ. Энэ нь сургалтын төлбөрт ачаалал үүсгэхгүй” гэх мэтээр хариулдаг байв. Харин 2 сарын хугацаанд онлайнаар сургалт явагдсаны дараа “Робот багштай байх нь тийм ч таатай биш юм байна. Слайд, видео зэрэг олон хэлбэрээр хичээлээ судалж байгаа ч багштайгаа бодитоор харилцсанаас үр дүн муу байна.
Тухайн үед ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй байгаа нь сургалтын идэвхийг сааруулж байгаа юм. Ганцаараа дагнан суралцах нь харилцааны болон хэл ярианы чадвараа нэмэгдүүлэхэд хангалттай дэмжлэг болохгүй юм байна” гэхчлэн хариулж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан оюутанд хүргэж буй хэдий ч “хүмүүс хоорондын амьд харилцаа” байхгүй тул энэ нь хангалттай мэдлэгийг авах боловсрол байж чадахгүй нь харагдаж байна. Прагматик философид “хүний сурахуй бол хамтын шинжтэй, туршлагаа бодитоор солилцох үйл явц” гэж үздэг. Хүн ганцаараа бие даан сурах гэхээс илүү бусадтай харилцах замаар сурах нь нийгэмшилд хувь нэмэртэй гэж буй юм. Энэ утгаар онлайн сургалтын үед “хамтын сурахуй”, “бодит туршлага”, “амьд харилцаа” үгүйлэгдэж байна.
• Дарвинист үзэл санааны үүднээс энэ бол “шалгарал” юм. Бие махбодийн хувьд дархлаа сайтай нь халдвар авахгүй байж, улмаар амьд үлдэх боломжтой бол оюун санааны хувьд өөрийгөө дайчлах чадвартай нь хичээл сургалтын хэлбэр өөрчлөгдсөн ч зохих мэдлэгээ эзэмшиж байна. Хэрэв энэ байдал удааширвал их сургуулиудын хувьд онлайн хичээлд амжилттай шилжиж чадсан нь үлдэж, чадаагүй нь хаалгаа хаана.
• Гар утасны хэрэглээ шинэ шатанд гарч байна. Бусадтай ярих, жиргээ, facebook-ээр мэдээлэл авахад голчлон ашиглагддаг байсан бол одоо шалгалтаа өгөх, хичээлээ үзэх, даалгавараа илгээх, онлайн хэлэлцүүлэг хийх гол хэрэглэгдэхүүн боллоо. Бид хүүхдээ утаснаасаа хэт хамаарч байна гэж зэмлэх боломжгүй болж байна. Ухаалаг үзүүлэлт сайтай гар утастай оюутанд давуу тал, харин үзүүлэлт нь муу бол бэрхшээл үүсч байна.
Н.БАТАА