COVID-19: Монголчуудын үнэт зүйл, мэдрэмжийг сэргээж байна

2020-05-01 10:32
zurag_mnmn

COVID-19 халдварт вирусийн дэгдэлт Монголын нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэд үгээ хэлж эхэлжээ. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Д.Оюунгэрэл “Шинэ төрлийн COVID-19 халдварт өвчин дэгдэж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэлд төдийгүй үзэл бодол, хандлагад ч өөрчлөлт орж байгаа нь ажиглагдаж байна.

Монголчуудын хувьд үнэт зүйлийн мэдрэмж улам сэргэж байна. Өмнө сошиал орчинд “Танай монголоос зайллаа, дүрвэлээ” гэж бичдэг олон залуус “Манай Монгол” гэж бичдэг болж. Гадаадад буй монголчууд эх орноо үгүйлэн санаж, эх орондоо буй нь ч нэгдсэн зохион байгуулалт орж, бүгд л юуг хайрлахаа сайтар ойлгож байна.

Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнөөс халдвар илэрсэн байж болзошгүй мэдээлэл маргааш нь шинжилгээгээр үгүйсгэгдэхийг сонсоод халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж буй нийт хүмүүс болоод цар тахлын үед ажиллаж буй төрийн албаныхан, эмнэлэг, онцгой, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг хүндэтгэж буйгаа илэрхийлэн замын хөдөлгөөнд машинууд гэрлээ асааж оролцож буйг харахад бид цөөхүүлээ гэдгээ улам бүр мэдэрч байв.

Гэхдээ ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөмгүй сөрөг зүйлс ч ажиглагдсан. Өөрсдөө эх орондоо тухтай байгаадаа сэтгэл ханасан зарим нь бусдыгаа гаднаас авахаа зогсоохыг шаардах эгоист хандлага, гаднаас ирээд хөл хорионы хугацаа дууссан хүмүүс гэртээ үргэлжлүүлэн өөртөө хяналт тавих байтал утсаа салгаад зугатах үүрэг хариуцлагаа төдий л ухамсарлаагүй нөхөд ч бидний дунд байна.

Монголчууд маш хурдан зохион байгуулалтад ордог юм байна. Бидний үлгэр дуурайллаа болгодог америк, европын голдуу орнууд гэхэд санаанд оромгүй энгийн зүйл дээр маргалдаж, бас азиудыг ялгаврлан гадуурхаж буй зарим жишээг харахад дорнын соёлын хүмүүнлэг мөн чанар улам бүр тодорч байна уу гэмээр харагдана.

Америкийн ерөнхийлөгч ДЭМБ-ыг буруутган цар тахлын тухай зөв, шуурхай мэдээлэл өгч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах үүргээ гүйцэтгээгүй хэмээн мэдэгдэл хийж, хагас тэрбум долларын санхүүжилтээ царцаах зарлиг гаргасан нь хөгжил буурай орнуудын хувьд тийм ч таатай бус шийдвэр юм.

Гэхдээ энэ бүхнээс сургамж авч бусдын гар хардаггүй өөрсдийгөө тов хийтэл аваад явчихдаг тийм улс болж хөгжих хэрэгтэйг дээрх жишээ сануулж байна. “Адгийн дээрэм бол төрөө тонох” гэдэг Гегелийн үг байдаг. Тиймээс удирдагч нь удирдагч шиг, ард иргэд нь мөн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, монгол хүний жинхэнэ мөн чанараа харуулж, бие биенээ хүндэтгэж, дор бүрнээ хичээх үлдсэн байна” хэмээн бичжээ.

Н.БАТАА