Улсын хэмжээнд үндэсний бичгээр хаяг тэмдэглэгээгээ хийсэн ахуй нэгж байгууллагуудын хаягжилтаар Завхан аймаг 80 хувьтай тэргүүлж байна. Харин Улаанбаатар хот 20 хувьтай сүүл мушгижээ. Тэгвэл Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягийг үндэсний бичгээр бичсэн байна.
Төрийн албаны зөвлөлөөс хийсэн судалгаанд дурьдсанаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн аж ахуй нэгж байгууллагын 300 гаруй хаяг тэмдэглэгээг бүртгэн авчээ. Эдгээрээс үсгийн дүрмийн алдаатай 14 хаяг байсан бол монгол бичгээр бичсэн 12 бүртгэгдсэн аж.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл Нийслэл, хөдөө орон нутаг дахь албан байгууллагуудад долоодугаар сарын 1-н хүртэл байгууллагынхаа гадна хаяг болон доторх өрөөний хаяг, тэмдэглэглээг монгол бичгээр бичсэн байх санал хүргүүлж байгаа юм.
Тус зөвлөл “Байгууллагынхаа хаягийг үндэсний бичгээр бичнэ үү, хэрэв бичиж чадахгүй байгаа бол бид үнэгүй бичээд өгье” гэсэн саналыг дэвшүүлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ ажил улсын хэмжээнд 40 хувьтай явагдаж байгаа аж. Мөн хаяг, тэмдэглэгээний алдаа мадагтай байгууллагуудад албан бичиг хүргүүлж, засаж залруулсан байна.