(COVID-19)-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм
1. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар COVID-19-тэй өвчтөний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87%, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60%-д коронавирус илэрчээ. Агаар дуслын замаар болон ялгадсаар коронавирус орчныг бохирдуулж байгааг судалгаа харуулжээ. Энэ нь орчны болон гарын ариун цэврийг чанд сахих шаардлагатайг нотолж байна. Мөн гутлын хоншоороос авсан арчдасд коронавирус илэрсэн бол агаарын сорьцонд илрээгүй байна.
2. Италийн Турины Их сургуулийн судлаачид коронавирус судасны ханыг гэмтээж зүрхний титэм судасны цочмог хам шинж үүсгэдгийг тогтоожээ. COVID-19-ийн дэгдэлтийн эхэн үед тус улсын хойд хэсэгт зүрхний титэм судасны цочмог хам шинжийн улмаас өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байжээ.
3. Хятадын Шэнжэн болон Тианжин их сургуулийн судлаачид халдвартай 5 хүнд өвчтөнд эдгэрсэн хүний цусны сийвэнг хэрэглэхэд үр дүн өгчээ. Тэдний 3 нь 50 гаруй өдрийн дараа эмнэлгээс гарсан бол 2 нь 37 дахь хоног дээрээ биеийн байдал тогтворжсон байна.
АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ БУЮУ ЦОНХГҮЙ БИТҮҮ ОРЧИНД ВИРУСИЙН ТОО ИХ БАЙЖЭЭ
4. Ухань хотын эмнэлгийн болон олон нийтийн газрын орчинг судлахад эмнэлгийн орчинд коронавирус тархах эрсдэл өндөр байсныг тогтоожээ. Ахуйн болон хувийн ариун цэвэр сайн сахих, агаар сэлгэлт тогтмол хийх, олноор цугларахгүй байх нь халдварын эрсдэлийг бууруулдаг байна. Ариун цэврийн өрөө буюу цонхгүй битүү орчинд вирусийн тоо их байжээ. Мөн эмнэлгийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед агаар дах вирусийн тоо нэмэгдэж байсан тул хувцас, хэрэгслийг тайлахын өмнө ариутгахыг зөвлөжээ.
5. Английн үндэсний эрүүл мэндийн төв 1654 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийжээ. Тэдний 81% нь үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг, 8% нь лабораторийн ажилтан, 11% нь захиргааны албан хаагчид байжээ. Үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг ажилтны 15%, лабораторийн ажилтны 16%, албан хаагчдын 18%-д коронавирус илэрчээ. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатайг харуулж байна.
6. Лондонд хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусгаарлагдсан 267 хүний эмнэлзүйн шинж тэмдгийг судалжээ. Тэдний 68.3% ядрах, 64.4% амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, 60.4% хуурай ханиалгах, 55.5% халуурах, 34.6%-д хамар битүүрэх шинж тэмдэг илэрчээ. Үнэрлэх, амтлах мэдрэмж буурах шинж тэмдэг бусад шинж тэмдгээс харьцангуй хожуу илэрсэн байна. Уг шинж тэмдэг эмэгтэйчүүдийн 72.4%, эрэгтэйчүүдийн 55.7%-д гарсан байна.
Эх сурвалж: ЭМЯ