Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтод ажиллаад ирсэн билээ. Энэ үеэр Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол үйл ажиллагаа болох нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор боомт хил дээр ажилласан.
Энэ тухай Д.Цогтбаатар сайд мэдээллэхдээ: “Элчин сайд өөрийн биеэр нөхцөл байдалтай газар дээр нь ажиллана гэдэг урд хөршийн зүгээс хоёр орны хоорон дахь худалдаанд ямар ач холбогдож өгч байгааг илтгэж байна.
Цар тахлаас үүдэн зогсоод байсан нүүрс тээврийг сэргээх арга хэмжээ авсан ч тоо хэмжээний хувьд хангалтгүй байна. Иймд хоёр тал хамтран хилийн боомтоор нүүрс тээврийн урсгалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоож, хүндрэлийг арилгахаар ажиллалаа” гэлээ.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний 90 нь экспортод гардаг. Тэр дундаа Гашуунсухайт боомтоор түүхий эдийн экспортын талаас илүү хувь нь хийгдэж байгаа. Тиймээс эдгээр боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хувьд нэн шаардлагатай ар хэмжээ юм.
Гашуунсухайт нүүрс тээврийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс сэргээснээс хойш дунджаар 60-70 машин хил нэвтэрч байсан бол Д.Цогтбаатар сайдын томилолтын дараа бага зэрэг сэргэж, өдөрт 192 нүүрс тээврийн машин хил гарч эхэлсэн байна.
Гэхдээ нүүрсний экспорт энгийн үеийнх шигээ хангалттай өсөхгүй байгаа нь Хятадын талын Ганцмодны боомт автомашинуудыг хоёр орц, гарцаар хүлээн авч буйтай холбоотой гэнэ.
Харин Монголын талын Гашуунсухайтын хувьд нүүрс тээврийн автомашиныг 6-7 гарцаар хил нэвтрүүлэхэд бэлэн байгаа аж. Тиймээс Хятадын талд хилийн боомтоор нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх хүсэлтийг бүх шатанд гаргах болжээ. Энгийн үед Гашуунсухайт боомт 6-7 гарцаар гаргаж, Хятадын тал мөн тооны гарцаар хүлээж авдаг байсан.
Гэтэл БНХАУ дотооддоо хорио цээрийн шинэ журам баталж мөрдүүлснээр хил нэвтэрч байгаа машиныг ариутгах тоног төхөөрөмжтэй, хорио цээрийн шаардлага хангасан хоёр гарцаар хүлээн авч буйгаа Хятадын тал тайлбарласан байна. Иймд Д.Цогтбаатар сайдын зүгээс Баяннуур хот, Ганц мод боомтын дарга удирдлагатай цахим хурал хийх үедээ гарц нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид Хятадын холбогдох албаныхантай хийсэн цахим хурлаар нөхцөл байдлаа ойлголцож, цаашид идэвхтэй хамтран ажиллах замаар талуудын уул уурхайн бүтээгдэхүүн экспорт, импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа нүүрс тээврийн машины хил нэвтрэлтийг сайжруулах асуудлаар санал солилцжээ.
Өнөөгийн байдлаар Гашуунсухайт боомтод Улсын онцгой комиссын даргын баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг чанд сахиж, ариутгал халдваргүйжилтийг сайтар хийж байгаа аж.
Түр журмаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах явцад тээврийн аж ахуйн нэгж, байгууллага болон жолоочид тавигдах шаардлага, тэдгээрийн хүлээх үүрэг, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа, хилийн боомтод ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллагын салбар нэгжийн үүрэг зэргийг зохицуулах болжээ.
Энэхүү журамд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол зохицуулалт бол жолооч нар урагш хил нэвтэрч Хятадын талд хонож болохгүй, өдөртөө буцаж ирэх ёстой байгаа. Гэхдээ зайлшгүй хоноглох тохиолдолд бусадтай харьцахгүй хязгаарлалттай байхаар зохицуулсан байна.