БНСУ-ын ГИХГ-аас “COVID-19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсад богино хугацааны оршин суух виз /В-1, В-2, С-1, С-3, С-4 болон олон удаагийн мулти виз/-ээр оршин суугаа гадаад иргэдийн виз сунгах хүсэлтийг 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн www.hikorea.com цахим хуудсаар дамжуулан онлайнаар хүлээн авахаар болсон байна.
Визийг тухайн улс болон БНСУ-ын хооронд үйлдэгддэг шууд нислэгүүд цуцлагдсан, хил хаах арга хэмжээ авснаас нутаг буцах боломжгүй байгаа, буцах нислэг байхгүй байгаагаас түр хугацаанд хил гарах боломжгүй байгаа зэрэг нөхцөлийг харгалзан дээд тал нь 30 хоногийн хугацаагаар сунгана.
Онлайнаар виз сунгах хүсэлт гаргаж байгаа иргэн дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
1. Гадаад паспортын мэдээллээр www.hikorea.com цахим хуудсанд гишүүнээр элссэн байна.
2. Цахим хуудасны онлайн хүсэлт гаргах (e-application/전자민원) цэсний COVID-19-өөс шалтгаалан виз сунгах хүсэлт гаргах (Covid19 Permission for extension of stay for departure/코로나19출국을 위한 기간연장허가) хэсэгт мэдээллээ оруулж хүсэлт гаргана.
3. Хүсэлт гаргахдаа солонгос эсхүл англи хэл дээр бичсэн өргөдлийг зурган файл (JPEG өргөтгөлтэй)-аар оруулна.
4. Онлайнаар виз сунгуулах хүсэлтийг оршин суух виз дуусах хугацаанаас 2-оос доошгүй ажлын өдрийн өмнө гаргасан байна. Хүсэлтийг ажлын өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд мэдүүлнэ.
5. БНСУ-аас гарах мэдэгдэл (출국기한 유예) авсан иргэд онлайнаар хүсэлт гаргах боломжгүй ба ГИХГ-т биечлэн очиж хүсэлт гаргах шаардлагатай.
6. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ГИХГ-ын мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345 утсанаас тодруулна уу. Лавлах утас: “1345” залгаад гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, монгол хэлийг “7 * ”-ийг дарж холбогдоно.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ
КОНСУЛЫН ХЭЛТЭС