УИХ-ын сонгууль ойртож, популистууд сонгогчдын өмнө тайзан дээр бүжиглэх нь холгүй аяглаж байна. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ гэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр “ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН НУТАГТ УУЛ УУРХАЙ ОРУУЛАХГҮЙ” хэмээн огцом мэдэгдэв.
“Байгалиа авч үлдэх нь ирээдүйд хамгийн чухал гэдэг нь дэлхий нийтэд тодорхой болоод байна. Монголын эзэнт гүрэн үүссэн нутаг, Чингис хааны төрсөн нутагт ямар ч уул уурхайн компани орох ёсгүй, лиценз өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой” хэмээн мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнээс Хэнтийн сонгогчид энэ зун ам асуух ёстой.
Хэнтий аймаг Монголын эзэнт гүрний их түүхийг агуулж байдаг, Их хааны өлгий нутаг мөн. Түүхэн талаасаа ч, байгалийн үзэсгэлэн талаасаа л бахархал хүндэтгэлийг хүлээж, монголчууд үеийн үед энэ газар нутгийг онгон дагшин хэвээр нь авч үлдэх учиртай. Гэвч сүүлийн жилүүдэд Хэнтий аймаг газар нутаг уул уурхайд талхлагдан, Цэнхэр сум, баян тансаг Орхоны хөндий өнөөдөр дайны дараах балгас болж хувирсан билээ.
Онон голыг тэжээдэг амин судлууд болох Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол алтны компаниудын шуналаар ширгэж үгүй болж, алтны төлөө улайран шунасан компаниуд Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг ухан, Их хааны түүх, Монголын эзэнт гүрний түүхийг сэндийчиж байхад Л.Оюун-Эрдэнэ юу ч дуугарч байгаагүй юм. Хэвлэлүүд энэ сэдвийг сөхөн хөндөж байсан ч дийлэхгүй өдий хүрлээ.
Гэтэл УИХ-д дөрвөн жил суухдаа алтны компаниуд Хэнтийг сүйтгэж байна шүү гэхэд ам нээгээгүй энэ хүн сонгуулийн өмнөх хавар гэнэтхэн Хэнтийд хайр зарлаж, Чингис хааны төрсөн нутагт уул уурхай оруулахгүй хэмээн попорч байх юм.
Сонгуулийн сургаар попорч, Хэнтийгээс санал зулгаах нь нэг хэрэг. Эргээд УИХ-д орж ирэхдээ тэр өнгөрсөн дөрвөн жил Хэнтийн уул уурхайг мартсан шигээ таг чиг, ажин түжин болчихвол яах вэ. Попуудын хамгийн сайн чадах зүйл бол, аль нэг үйл явдлын өмнө чанга дуугаар хашгирч, хэргээ гаргасны дараа амаа үдэх. Тиймээс Хэнтийчүүд энэ удаа Л.Оюун-Эрдэнээс ам өчгийг нь сайтар авсан нь зөв болов уу.
2 comments
Орхон, Онон 2-г ялгадаггүй юү.
оюунэрдэнэ хүрэлсүхээс айгаад хэнтий аймгийн яаж ччадахгүй байгаа нь тэр