АН-ын ҮБХ-ны зарим гишүүн МАН-ын нэр бүхий гишүүдээс мөнгө авч улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржийн зүгээс дээрх мэдээлэл нь худал бөгөөд АН-ын зүгээс санаатай, зохион байгуулалттайгаар тараасан хэмээн үзэж ЦЕГ-т шалгуулахаар гомдол гаргажээ.
Тодруулбал, мэдээлэл тараасан хуурамч хаягийг тодруулж өгөх, хоёрдугаарт илт хуурамч мэдээллийг дахин түгээсэн хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлт тавьж байгаа юм. Тэрбээр “уг хуурамч мэдээллийг АН-ын Хэрэг эрхлэг газар болон, УИХ дахь бүлгийн ажлын албаны ажилтнууд сошиол орчинд түгээсэн. Тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд илт худал уг мэдээллийг твиттерт хоёр ч удаа түгээсэн.
Тиймээс З.Энхболдыг шалгаж Эрүүгийн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцох ёстой” хэмээсэн юм.
Мөн түүнийг АН-ын ҮБХ-ноос нь хөөсөн тухай мэдээлэл гарсан. Үүнийг тэрбээр улс төрийн үйл ажиллагааг нь боогдуулсан хэмээн үзэж мөн шалгуулахаар болжээ. Тэрбээр АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ийнхүү ярьсан юм.
-Намаа эрүүлээр шүүмжилсэн залуусаа мөнгө авсан гэж гүтгэж, намаасаа болон ҮБХ-ноос хөөж байгаа
-АН 100 сая төгрөгийн татвар авч байгаа нь Монгол Улсад өдгөө мөрдөгдөж байгаа хуулиар хүний сонгогдох эрхэд хязгаар тавьсан үйлдэл юм. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчим, УИХ-ын сонгуулийн тухай хууль нийцэхгүй. Хоёрдугаарт үүнийг эсэргүүцэж гарын үсэг зурсан ҮБХ-ны гишүүдийг шийтгэж байгаа. Намаа эрүүлээр шүүмжилсэн залуусаа мөнгө авсан гэж гүтгэж, намаасаа болон ҮБХ-ноос хөөж байна.
-АН-аас авилгатай холбогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулиар дараагийн үеэ залгамжлуулах гэж байна
-АН-д авилгатай холбогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулиар дараагийн үеэ залгамжлуулах гэж байгаа. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь эцэг эх нь төрийн өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан хүмүүс бий. Мөн авилга албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хүүхдүүд болон хамт ажиллаж байсан хүмүүс байна.
-АН намын сонгуулийн санхүүжилтэд авилгын мөнгө асар ихээр орж ирж байна
-АН-ын улс төрийн санхүүжилтэд авилгын мөнгө асар ихээр орж ирж байна. Монголын томоохон ордуудаас өөрсдөө эсвэл дам байдлаар буюу гэр бүлийн гишүүд, төрсөн ах дүү нь хувь хүртдэг хүмүүсийн мөнгө улс төрд орж ирж байна. Түүнээс гадна энэ бол УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй залуусыг хөрөнгө мөнгөөр ялгаварласан үйлдэл.
АН-ын дотор хоёр том бүтэц бий. Нэг нь АН-ын Үндсэн дүрмийн хороо юм. Энэ бол С.Эрдэнэ даргын тоглоомон утсан хүүхэлдэй. Хоёрдугаарт, Дотоод Сонгуулийн Хороо гэж бий. Энэ нь Зандаахүүгийн Энхболдын тоглоомын бүтэц. Энэ байгууллага бол АН-ын олон мянган гишүүдийг санал өгөх эрхгүй болгосон.
-Мөн олон хүнийг дотоод сонгуульд өрсөлдөх боломжгүй болгож байгаа. З.Энхболдод таалагдаагүй гэх шалтгаанаар дотоод сонгуульд өрсөлдүүлдэггүй. Намайг 2017 онд намын даргад өрсөлдөх гэхэд 240 сая төгрөг шаардсан. Мөн онд ҮБХ-ноос өрсөлдөөд гарч ирэхэд шалтгаангүйгээр хассан. Одоо үзэл бодол өөр гэх шалтгаанаар ҮБХ-ноос хасч байна. Энэ нь улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхэд минь халдаж байгаа учраас энэ асуудлыг шүүхэд өгнө.
-АН сонгуульд нэр дэвшигчийн зардлын доод хязгаарыг тогтоосон нь хууль бус, 60 тэрбумын хэргээс ямар ч ялгаагүй
-Улс төрийн нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын доод хязгаарыг тогтоох эрх байхгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсээд явж байгаа. Хоёрдугаарт, энэ нь авилга албан тушаалын 60 тэрбумын хэргээс ямар ч ялгаагүй. АН-ын дарга С.Эрдэнэ олон нийтэд мэдээлэл хийхдээ “100 сая төгрөгөө өгсөн хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн. Энэ нь мөнгөө төлсөн хүмүүс нэр дэвших юм уу УИХ-д сонгогдоогүй бол улс төрийн албан тушаалд тавина гэх утгыг илэрхийлж байгаа юм. Үүнийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа.
-С.Эрдэнэ дарга бүх нэр дэвшигчдэдээ төлбөртэйгөөр нэр дэвшив гэдэг шошго наачихсан
АН-ын дарга Ардчилсан намын дарга биш байна. Яагаад гэхээр төлбөртэй нэр дэвшигчид гэх имижийг албаар бүрдүүлсэн. УИХ-д нэр дэвшигчдээс татвар авсан нь хэд хэдэн хууль зөрчиж байгаа учраас мөнгө төлсөн хүмүүс УИХ-д нэр дэвшиж чадахгүй эрсдэл үүсч магадгүй байна. Үүнийг С.Эрдэнэ дарга санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байгаа.
Нэр дэвших хүсэлтэй ч орлогын эх үүсвэр нь хүрэхгүй маш олон залуус байна. Өнөөгийн Монголын нөхцөлд эхнэр нөхөр хоёр нийлээд 100 сая төгрөгийн моргейжийн зээл авлаа гэж бодоход 18 жил зарцуулна. Тиймээс үүнийг дундаж Монгол хүн төлөх бололцоогүй. Хандив цуглуулж авч болно гэж байгаа.
-Гэвч хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй шүү дээ
Хуулийн хугацаа болоогүй байхад хандив цуглуулсан гэх шалтгаанаар нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх нөхцөлийг АН-ын дарга С.Эрдэнэ санаатайгаар бүрдүүлсэн.
-С.Эрдэнэ, З.Энхболд нарт АН-ын УИХ-ын сонгуульд ялуулах ямар ч сонирхол байхгүй
-Ер нь С.Эрдэнэ, З.Энхболд нарт АН-ыu УИХ-ын сонгуульд ялуулах ямар ч сонирхол байхгүй. Өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийг зохион байгуулалттайгаар шахан гадуурхдаг. Одоо харахад АН-ын даргаар ажиллаж, ардчилсан хувьсгалыг манлайлж явсан хүмүүс бүгд бие дааж нэр дэвшихээр боллоо. Түүгээр ч барахгүй АН-ын одоогийн дэд дарга бие дааж нэр дэвшинэ гээд бүртгүүлчихсэн байна.
Бие дааж нэр дэвшинэ гэсэн хүмүүсийн дотор АН-ын 50 гаруй гишүүн байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ ажлыг С.Эрдэнэ, З.Энхболд нар хийсэн гэж хардаж байгаа.
Үүний цаана 2020 оны сонгуулийн дараа АН-ын удирдлагууд эрх мэдлийг өөрсдөдөө мөн өв залгамжлагчдадаа үлдээх далд сонирхол явж байна.
Sonin.MN