Энэтхэгийн Аллахабад хотын иргэн Мумбайгаас гэр лүүгээ харихын тулд сонгины худалдаачны дүрд хувирчээ.
Хэдийгээр Энэтхэгт тусгаарлалтын хатуу дэглэмтэй байгаа ч хүнсний бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг мужийн хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж. Тиймээс Мумбайн нисэх онгоцны буудлын ажилтан Прем Мурти Пандей 28 тонн сонгино хүнсний захаас худалдан авчээ. Ингээд ногоогоо түрээсийн ачааны машинд ачиж, жолооч хөлслөөд, өөрөө худалдаачны дүрээр хөл хорио тогтоосон бүсүүдийг нэвтэрсэн байна.
Мань эр гурав хоногийн хугацаанд 1400 км-ийг туулж, төрөлх Аллахабаддаа иржээ. Замдаа тэрбээр гурван мужийг туулсан байна.
Харин бямба гарагт Аллахабадын цагдаа нар Пандейн цаад зорилгыг мэдээд хөл хорионд оруулжээ. “Хэдий тэрбээр коронавирусийн шинж тэмдэггүй байсан ч эмнэлэгт хоёр долоо хоногийн хөл хорионд оруулсан” гэж орон нутгийн цагдаагийн төлөөлөгч Арвинд Кумар Сингх мэдэгдсэн байна.