Чуулганаар хэлэлцэж буй асуудлуудаар гишүүд юу гэв
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан :30 жил банкны эздийг дэмжсэн бодлого явуулж ирсэн. Өнөөдрийн нөхцөлд банкны эздийг биш иргэдийг дэмжсэн бодлого явуулах нь зүйтэй гэж ШИНЭ нам үзэж байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаах талаар маш тодорхой оруулж өгмөөр байна. Манай намаас тодорхой санал оруулсан ч ерөнхий оруулсан байна. Банкны эздэд хэдэн төгрөг өгөх бодлого харагдаад байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа чөлөөлж байна. Хэн гэдэг дарга нийгмийн даатгалын мөнгийг банкуудад тавьсан юм бэ. Хэдэн банкны захирлуудын лоббигоор тэдний халаасанд мөнгө хийх асуудлыг Засгийн газар дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Таны ярьж байгаагийн эсрэгээр банкууд зээлийн хүүгээ буулгаж байна. 8 хувийн зээлийн хөнгөлөлтийг 1.1 сая зээлдэгчийн 99.8 хувьд үйлчлэхээр төсөл. Та буруу ойлгосон байна. НДШ-ийн эх үүсвэрийг чөлөөлөх санаа нь Засгийн газраас долоон арга хэмжээний нэг болох хувийн аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг НДШ-ээс чөлөөлсөн. Тэгэхээр энэ онд Нийгмийн даатгалын сан 800 орчим тэрбум төгрөгөөр тасалдана.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Засгийн газрын шийдвэрээр НДШ, ХАОАТ-аас чөлөөлж, шатахууны үнийг бууруулж, хүүхдийн мөнгийг нэмж, ноолуурын салбарт авах арга хэмжээг тодорхойлсон. Харин одоо банкны салбарт авах арга хэмжээг тодорхойлж байна. 420 мянган зээлдэгчтэй банк бус санхүүгийн салбарт ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал хаягдаад байна. Үүнийг ярихаар мөнгө хүүлэгчдийг дэмжлээ гэх байх. Надад ББСБ байхгүй. Гэхдээ 420 мянган зээлдэгчийн 65 хувь нь хэрэглээний зээл, 13 хувь нь худалдааны зээл байгаа нь дунд, дундаас доош амьжиргааны түвшинтэй хүмүүсийн асуудал яригдаж байна. Энэ хүмүүст туслах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Маш том хүлээлт үүссэн байна. Тогтоолыг баталснаар ямар зээлүүдийн хүү буурах, хэн хамрагдах юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанк 5, арилжааны банк 3 гээд найман хувийн хөнгөлөлт олгох юм байна гэж ойлголоо. Тэгвэл 16 хувийн хүүтэй зээлийн 8 хувийг нь иргэд төлөх юм байна гэсэн үг. Тэгвэл үүнийг хэн яг хүртэх юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд банкны таргалсан, иргэдийн турсан хоёр тэнцсэн. Тиймээс банкны салбарын шинэчлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна.
М.Баяр