Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.
М.Баяр