Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар бие дааж нэр дэвшихээр болж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өргөв. Тэр хоёр Ардчилсан намыг мөн ч олон жил удирдсан. Тэд намынхаа дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болж явсан. Бас сүүлийн 26 жилийн түүхэнд Ардчилсан намын бодлогыг тэд зангиддаг байлаа. Энэ хоёр нөхөр намаасаа хэн дэвших, хэнийг тойргийн гадна үлдээхийг бараг л шийддэг байв.
Гэвч “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг нь болж байна. 1990 онд хувьсгал хийж, Ардчилсан намын туг болж, тулгын чулууг нь тавьж явсан Э.Бат-Үүл, намынхаа даргаар ажиллаж асан Н.Алтанхуяг нар Ардчилсан намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй сандарч явна. “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг “Зи-гийн дэвшиж байгаа газар нэр дэвшинэ” гэчихсэн аргаа барж явна, тэд. Ийм өдөр Ардчилсан намын туг байсан хүмүүст ирдэг юм байжээ.
АН-ын лидерүүд намаасаа гарч, бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарласан нь ойрын хэдэн өдрийн ярианы сэдэв болж байна. Намаасаа нэр дэвших далд зорилго өвөртлөн, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албаа орхиод АН-ын дэд даргаар ирсэн Б.Дэлгэрмаагаас бусдынх нь хувьд бие даан нэр дэвших шийдвэр нь тийм ч гайхаж цочирдож хүлээж авах зүйл биш байв.
АН-ын даргаар ажиллаж, тус намаас мандат аван УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан Н.Алтанхуяг, ардчилал, АН хоёроос салгаж харахын аргагүй лидерүүдийнх нь нэг Э.Бат-Үүл нарын тухайд намаасаа зай бариад удаж буй. Энэ хөндий, элэг буруулсан байдал бүр өнгөрсөн сонгуулийн дараах намын шинэчлэлийн үйл явц өрнөсөн үеэс эхтэй.
З.ЭНХБОЛДЫН САМРАА
АН-ын жирийн гишүүд, дэмжигчид нь фракцуудаа цэгцэлж, намаа нэгэн цул болгож авах шинэчлэл эхэллээ хэмээн итгэж, хөөрцөглөн байхад лидерүүд нь тал талд өөр өөрийнхөө нүхийг ухаж суусан юм. Урт удаан хугацааны шинэчлэлийн үйл явц, дүрмийн өөрчлөлтийн дараа “АН “Шонхор”-ын “савар”-т орлоо. С.Эрдэнэ бол З.Энхболдын үргэлжлэл, түүний томсгосон хувилбар” гэсэн үгс АН-ын нөлөө бүхий гишүүдээс гарч байлаа. Үүнийг нь батлах мэт Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуулиараа Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Да.Ганболд, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй 116 хүнийг хасаж, тэдний оронд “Шонхор”-ын голдуу хүмүүсийг оруулсан.
Цаг хугацаа, хөрөнгө мөнгө багагүй үрж, нөр их ажил удаж өрнүүлсэн шинэчлэлийн хөдөлгөөний дараа АН фракцтайгаа, хагаралтайгаа үлдсэнийг уг үйл явдал улам тодоор батлан харуулсан билээ. Чухам тэр үеэс, магадгүй түүнээс ч өмнө Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг тэргүүтнүүд 2020 оны сонгуульд АН-ын нэр дээрээс “босохгүй” гэдгээ гадарлаж, бие даах юм уу, өөр намаас нэр дэвших нөөц төлөвлөгөөгөө боловсруулан, бэлтгэлээ базааж эхэлсэн.
Фракцуудынхаа энэ гөжүүдэлд АН-ын дарга багахан буулт хийж, намынхаа ажилд оролцуулахаар дуудаж, заримд нь намын дэд даргын албан тушаал амлан авчирч, уур амьсгалыг зөөлрүүлэхийг оролдож байтал З.Энхболд намын даргын ахлах зөвлөхөөр ирээд самарч орхижээ. Бүхнийг олонхын саналаар, гишүүд, дэмжигчдийн саналаар шийднэ хэмээн тунхаглаж байсан АН энэ удаа намын удирдах байгууллагын гишүүдийнхээ саналыг ч авахгүйгээр сонгуулийн нэр дэвшүүлэлт, эвсэх, эсэх зэрэг асуудлаа шийдсэн байна. Бүр намын дарга С.Эрдэнэ нь өөрийнхөө өмнө нь амлалт өгсөн хүмүүсээ ч багтааж шингээж чадалгүй нэр дэвшүүлэх асуудал шийдэгдсэн гэлцэнэ. Намын даргыг ч нам дарсан хүн нь түүний ахлах зөвлөх гэсэн нэртэй ч үнэн хэрэгтээ намыг удирдаж буй З.Энхболд.
Гарман дээр унаагаа юүлж, намын генсекээ солихоос эхлээд шинэхэн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгээр “Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс намынхаа нэр дээр дэвш” гэж уриулах мөртлөө энэ сонгуульд нэр дэвших л гэж ОХУ-аас ирсэн Б.Дэлгэрмааг хүртэл тойроггүй үлдээгээд О.Баасанхүү мэтийг урьж залж буй нь З.Энхболдын хийж буй ажил. Түүний энэ самраа АН-ын хүзүүнд дахиад л дүүжлүүрийн олс углалаа.
НАМААРАА БУС БҮЛЭГЛЭЛЭЭРЭЭ СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ БОЛСНЫ БАТАЛГАА
Олон намын тогтолцоо, үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байх чанар, төрийн эрхийн төлөөх бодлогын шударга өрсөлдөөн гэх мэтийн ардчиллын амин сүнс болсон сайхан үгнүүд манайд үлгэр болоод удаж буй. Намаараа сонгуульд орохоо больж, байгалийн баялгийг хулгайлах, төрөөс, ард түмний халааснаас цуглардаг мөнгөнөөс хумслах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог. Сонгууль бол нэг хэсэг хулгайч өөрт нь саад болж, өрсөж идэх зорилготой өөр хэсэг хулгайчтайгаа өрсөлдөж, замаасаа зайлуулах ажиллагаа гэж томьёолох нь бодит байдлаас хол зөрөхгүй. Жил жилийн сонгуулиар намуудын дотоодод өрнөж буй үйл явдлууд үүнийг тод харуулдаг. Энэ удаагийнх ч ийм л юм.
Их тулаанд бэлтгэж хүчээ нэгтгэж байх ёстой АН-ынхан яагаад энэ эгзэгтэй үед гэдсэндээ хөлөө хийлцэж, тарж бутраад, хэрэлдэж уралцаад байна гэж бодно. Үнэхээр өөрсдийнх нь ярьж буй шиг шударга ёсны төлөө, ардчилалд хайртайдаа, эсвэл залуустаа зай тавьж өгөх ёстой гэж бодсондоо юу. Үгүй. Намын, ардчиллын эрх ашгаас давсан хувийн эрх ашиг байгаа учраас л тэр шүү дээ.
АРДЧИЛАГЧДААС АРДЧИЛЛЫГ ХАМГААЛАХ ЦАГ ИРЖЭЭ
Ардчилалд аюул учирлаа, ардчиллаа аваръя гэж АН-ынхан олон жил ярьсан. Гэтэл ардчилалд бус, АН-д аюул учирсан байж. Ардчилалд аюул учруулж байна гэж бусад руу чихээд байсан. Гэтэл АН-ын удирдлага, лидерүүд нь өөрсдөө аюул учруулаад байсан байна. Үүнийг Э.Бат-Үүл баатар тэргүүтнүүд сая л ойлгож буй бололтой. Тэгээд ардчилалд, АН-д аюул учруулж буй З.Энхболдын дэвшсэн тойрогт өрсөлдөнө гэдгээ зарлалаа. Эцсийн эцэст, тэдний хэн хэн нь АН-ыг ч, ардчиллыг ч аврахгүй нь тодорхой. Тэд өөрсдөө намаа, ардчиллыг аюулд учруулагчид болжээ. Үүнийг сүүлийн үед гаргаж буй авир, хийж буй алхам, шунал тачаал нь харуулж байна.
1990 оноос хойш улс төрд явсан, ардчиллыг өмчилж, буяныг нь бишгүй хүртсэн тэд үнэндээ ардчилалд хайргүй. Тэдэнд ардчилал нь бус, ашиг сонирхол нь илүү үнэтэйг тэд алхам тутамдаа харуулж байна. 1990 оноос хойш өнөөг хүртэл улс төрд явсан, УИХ-ын гишүүн, сайд, даргын суудлаас ховхроогүй ч яриад байгаа сайн сайхан зүйлээ бий болгож чадаагүй тэдэнд итгэх шалтгаан үлдсэнгүй. Ардчилсан намаа өөрсдийн гараар булшилж буй тэднээс ардчиллыг хамгаалах цаг харин ирсэн байж мэдэх юм.