Бүтэн дөрвөн сар дэлхийн хүн амыг айлгаж байгаа COVID-19 халдварын аюул холдох яагаа ч үгүй байна. Халдвар тээгчдийн тоо дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагийн байдлаар 3 сая 40 мянгад хүрч, ковид 211 мянган хүний амь насыг залгилаа. Үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн статус юу ч биш. Аливаа амбиц гэдэг хий хоосон зүйл юм байна гэдгийг ойлгуулсан Коронавирусын халдвар дэлхийн баячууд, өндөр албан тушаалтнууд, алдартай хүмүүсийг ч тойрохгүй дайрч, аймшигт өвчнөөс дэлхий хүн ам тэр чигээрээ айн чичирч байна.
Монголчууд өмнөд хөршид COVID-19 эрчтэй дэгдэхэд хил хязгаараа хааж, бүгд маскаа зүүн, эрүүл мэндийн байгууллагынхаа өгсөн зөвлөмжийг дор бүрнээ мөрдөж эхэлсэн. Гэвч энэ үеэс тогтсон иргэдийн эв нэгдэл, дэг журмыг сүүлийн үед улстөрчид эвдэх хандлага ажиглагдаж эхэллээ. Коронавирусын халдвар Монголын сонгуультай жилийн хавар дэлгэрсэн нь парламентын суудал мөрөөдсөн амбицлаг, популист улстөрчдийн уур хилэнг жинхэнэ утгаараа барж эхэлжээ.
Д.Сүхбаатарын талбай энэ хавар популистуудыг хүлээж авахгүй. Сонгуультай жил бүрийн хавар популистуудын үймэж байдаг талбайн нуруу СOVID-19 -ийн буянаар энэ хавар ганцхан удаа амарч байгаа нь энэ юм. Олон нийтийн тархийг угааж, худал амлах талбайгүй, гараад тонгочих индэргүй болсон популистууд одоо нийгмийн сүлжээнд язганаж эхэлжээ. Нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмссөн манай хэдэн улстөрч тэнд худал амлаж болох бүхнийг амлан, хулгайгаа хаацайлж, хөөрхөн харагдах гэж хичээн, өрсөлдөгчөө хяргах гээд хийж болох бүх юмаа хийж байна.
Энд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “400 сая жуулчин хүлээн авна” хэмээн хэлж олны доог тохуу болж байгаа бол алдартай популист Л.Гүндалай нойрноосоо сэрж АН-ыг зүхэж, эрлийзүүд, урвагчид хэмээн хашгираад эхэлжээ. Эрдэнэс Тавантолгой ч сонгуулийн улс төрийн бай болж, З.Энхболд эмэгтэйчүүдийг үсээ хустал тархийг нь угааж, М.Энхсайханыг хорилоо хэмээн нэгэн эмэгтэй өлсгөлөн зарлахдаа тулав.
Сонгууль бүрийн хавар өрнөдөг АН-ын талцал энэ удаа ч жам ёсоороо давтагдаж, улстөрч гэсэн гуншинг өөртөө оноосон эрчүүдийн дүрэмгүй зодоон тэнд өрнөж, ховоо хэвлэлээр дамжуулан иргэдэд хүргэж байна. Зарим нэг улстөрчид уралдан өглөгийн эзэн болцгоож, төрийн өмч, түмний татвараас босгосон мөнгөөрөө борчуудад багахан зүйл худалдан авч, ядарсан иргэдийнхээ зургийг өлгөөд буянтны дүрд хувирч эхэллээ. Утаагаар шоу хийж мөнгө олдог нэгэн нөмөрсөн арьсаа хуулж, УИХ-д нэр дэвшигч болохоор яарч явааг ч иргэд харж байна. Шударга бусын хонгил яригчид нийгмээ хуваан байж, тус тусдаа нэг нэг бүлэг тасалж аваад УИХ руу уралдаж байна.
Тэдний хийж байгаа энтертаймент шоуг сонирхогчдын тоо энэ хавар эрс буурсан нь популистуудыг ёстой нэг галзууруулахад хүргэж байгаа бололтой. УИХ-д нэр дэвшихийг мөрөөдөгчид зовсон иргэдийн шаналангаар хийдэг улс төрөө иргэдэд хүргэхийн тулд олон нийтийн сүлжээнд хэсэг бүлэг хүмүүсийг суулгаж аваад популизмын давалгаа үүсгэж байгаа юм.
Мөрөөдөгчид одоо ганцхан л зүйлийг хүсч байгаа. Тэд иргэдийг өөрсдийнхөө бий болгосон худал хуурмаг дүр төрхөнд итгээд, хөл хорины дэглэмээ хаян гудамжинд гараад ирээсэй л гэж бодож байгаа. Хүсэхэд хясна гэгчээр коронатай жилийн Улаанбаатарын зун хамаагүй эрт эхэллээ. Дөрөвдүгээр сарын сүүлчийн өдрүүд гэхэд л 6 сарын өдрүүд шиг халуу төөнөсөн нартай байна.
Корона хөлс, шүлсээр дамжин халдварлаж буй. Цаг нь тулахад таныг болон таны ойр дотныхныг өвдлөө гээд санаагаа чилээн, эмчилгээний төлбөр гаргаад өгөх улстөрч нэг ч байхгүй. Бүгд нүүрээ бууруулна. Хөлс асгам халуун өдрөөр санаатай зохион байгуулсан ямар ч улстөрчийн арга хэмжээнд битгий очоорой. Тэнд л таныг болон таны хайртай хүмүүсийн амь насыг авч одох аюул тосон угтаж байгаа. “COVID-19”-ийн аюул холдох яагаа ч үгүй байна, улстөржилтөд авталгүй амь амиа бод!
Д.ОТГОНЖАРГАЛ
9 comments
МАН-ыг л сонгож болохгүй
хуучны ИХ-д байсан намд ойр байсан албан тушаалд ойр хүмүүсийг сонгох хэрэггүй. нэр дэвшбэл инээж байгаад хутгал ал.
Энэ балай улс төрчид чинь сонгогдохын төлөө коронавирус тарааж гай болохын биш биз дээ, ямар ядаргаатай эрх мэдэл, эд хөрөнгөний шуналтангууд вэ. Зүгээр л энгийн тайван амьдармаар байнаа. Сонгуулиа хойшлуулаачээ, бөөн ядаргаа, жирийн иргэд бид хэлмэгдэхээс айж байна.
зүйтэй
Сонгууль, Улсын наадмыг хойшлуулах нь зөв.Эрүүл л байвал хичнээн ч удаа сонгууль явуулж, наадана шүү. Коронагийн аюул холдох яагаачгүй байна!!!
Сонгуулиа хойшлуулахгүй бол цар тахлын үед ямар ч утгагүй болж мэдэх нь.
yag odooni nuhtsuld mongol shig ayuulaas ard irgedee hamgaalj bga uls guren delhii dayar neg ch alga ami nas eruul mendiig chin hamgaaldag tur zasag heregtei yuu gedgiig uhaarah tsag bolj dee mongolchuud
яг оноод өгүүлж!!!тэнд хүний цариатай Мангаснууд л яваа гэдгийг мартав да !,,, дарлагдсан боолчууда
СОНГУУЛИА ХОЙШЛУУЛЪЯ, ЭНЭ ЖИЛ СОНГОХ ХҮН Ч БАЙХГҮЙ ХАРАГДАЖ БНА, НОМТОЙБАЯР, ӨНӨРЧИМЭГ, ЧИНГИСХААН, ЛУЙВАРЧИН БАЯРЦОГТ, САРАНДАВАА, МАЙЦЭЦЭГ, НАРА, БААСАН НАР ЮУ ВЭ? ХОЛ ОЧИЖ ХУЦВАЛ ТААРНА, ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОХГҮЙ ЭЭ АРД ТҮМЭН МИНЬ? АРАЙ Ч ДЭЭ, УУР ДУРГҮЙ ХОЁР ЗЭРЭГ ХҮРЧ БАЙНА.