ТАСАЛГААНЫ ЦЭЦГИЙН УСАЛГАА
Усалгаа бол бүх арчилгааны эхлэл байдаг. Ихэнх тасалгааны ургамлын усалгааг намрын сүүл сараас эхлэн багасгаж, хаврын эхэн сараас дахин нэмэх хэрэгтэй болдог. Тэгэхээр хавар, намрын цагт цэцгийг өглөө, оройдоо тогтмол услах хэрэгтэй. Цэцгийг услахын өмнө эхлээд хөрсөө тэмтэрч үзэх нь чухал. Өнгөн хөрс хатсан мөртлөө 1 сантиметрийн гүнд чийг мэдрэгдэж байвал услах шаардлагагүй. Харин чийг мэдрэгдэхгүй өнгөн хөрс хатсан тохиолдолд цэцгийг ёроолд нь ус тунатал услах хэрэгтэй. Ингэхдээ содатай ус, эсвэл өндөг болон гоймон чанасан усыг хөргөөд ургамлаа усалбал ургалтад сайнаар нөлөөлж тэжээл өгдөг. Харин хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй өвчлүүлдэг тул аль болох тасалгааны температуртай ижил хэмтэй усаар усална. Мөн цэцэгнийхээ хажууд савтай ус тавих юм уу, цэцгийн навчийг шүршиж чийглэж байх хэрэгтэй. Гэхдээ үсэрхэг зузаан навчтай цэцгийг шүршдэггүй гэдгийг санаарай. Навчийг зөөлөн шүршүүрт угаах нь үзэмж болон ургалтад сайнаар нөлөөлнө.Үслэг навчтай ургамлуудыг усаар цэвэрлэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
БОРДОО, ТЭЖЭЭЛ
Ургамлын өсөлтийн үед азот, цэцэглэлтийн үед фосфор, калийн бордоог хэрэглэнэ. Ингэхдээ хэрэглэх бордооны хэмжээ 1 литр усанд 1-1.5 грамм, калийн давс 1.5-2.0 грамм, фосфор 3.0-4.0 граммыг тус тус хийж сайн уусгаад ургамлын навч цэцгэнд хүргэлгүй услах маягаар бордох хэрэгтэй. Цэцэглэдэг ургамлыг цэцгийн булцуу үүсэхээс цэцэглэлт төгсөх хүртэл, мөнх ногоон ургамлыг гуравдугаар сараас 11 дүгээр сар хүртэл 15-20 хоногийн зайтай бордоно. Мөн хавар, намрын улиралд ургамлыг усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Ялзмаг болон кофены шаарыг бага хэмжээгээр ургамлын хөрсөнд холих нь сайн чанарын бордоо болдог.
УРГАМЛЫН ТАЙРАЛТ БА ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ
Хавар нь ургамлыг шилжүүлэн суулгах хамгийн тохиромжтой үе. Хоёрдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарыг дуустал ургамлыг тайрч хэлбэржүүлэлт хийдэг. Ялангуяа шимтэглэй, хятад сарнай, хумсан будаг, мөнхцэцэгт хайтан зэрэг ургамлуудыг 2-3 нахиатайгаар ишний өндрийн гуравны нэгийг үлдээж огтолно. Гурав, дөрөвдүгээр сард тасалгааны ургамлыг шилжүүлэн суулгана. Шилжүүлэн суулгах цэцгийн үндэс хэт урт ургасан бол үзүүрийн хэсгээс тайрч, үндэсний хэсгийн ялзарч муудсан, шарласан хэсгийг авч, үндэсний хүзүүг амсраас доош 1 сантиметрт байхаар зориулалтын хөрсөнд суулгана. Суулгасны дараа хөрсийг нэвтэртэл усалж, нарны хэт тусгалаас хол, сэрүүвтэр, гэрэл багатай газар 1-3 хонуулна. Шинээр суулгасан ургамлыг сарын дотор бордож болохгүй.
ГЭРЛИЙГ ТОХИРУУЛАХ
Ургамалд гэрэл дутагдвал иш нь сунаж, навч нь цайж зөөлрөх, хэлбэр нь өөрчлөгдөх, цэцгийн тоо цөөрч, заримдаа цэцэглэлт нь зогсох, өнгөө алдах зэрэг үзэгдлүүд гардаг. Иймд ургамлыг тасалгаандаа зөв байрлуулж гэрэл дулааныг тохируулах хэрэгтэй. Дулааны улиралд тасалгааны цэцгийг гадаа байлгах буюу гэрийнхээ хамгийн гэрэл ихтэй газар байлгах хэрэгтэй. Мөн тасалгааны ургамалд ч гэсэн цэвэр шинэлэг агаар хэрэгтэй болдог учраас дулаахан өдрүүдэд цонх, салхивчаа нээн агаар оруулж байгаарай.
ӨВЧИН, ХОРТОНТОЙ ТЭМЦЭХ
Хүйтэн усаар хэт их усалснаас болж цэцэг өвчилж, ургалт зогсдог. Тасалгааны ургамалд хортон шавьж гарвал махор тамхийг дэвтээж шүүгээд шингэлж угаах буюу усална. Мөн цэцгийг битүү нийлэг хальсан уутаар бүрж цэцгийн саван дотор тамхи асааж тавих аргаар хортонтой тэмцэж болно. Сонгино, сармисыг жижиглэн хэрчиж 200 мл усанд дэвтээгээд шүүсэн усаа хэрэглэх нь ч муугүй гэдгийг санаарай.
Updown.mn