Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
АН-ыг хэн санхүүжүүлдэг вэ? – updown.mn

АН-ыг хэн санхүүжүүлдэг вэ?

С.БАТЗАЯА : ҮНДЭСНИЙ ШУУДАН

Хэний эрх ашиг хөндөгдөхөөс хамаарч тоглоомын дүрэм өөрчлөгддөг жишиг манайд тогтоод удчихлаа. Үр дүнд нь бизнестэй хүмүүс төр рүү, нам руу зүтгэдэг болов. Товчхондоо, Монголын улс төр хууль бус эрх мэдлийн том зах зээл болсон байна. Энэ зах зээлд эрх мэдэл, албан тушаал ноёрхоно. Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөггүйтэй адил дарга сонгоод, томилоод улс төр, эдийн засгийн бүлэглэл л солигдохоос өөрөөр үр дүн гарахгүй байх.

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Бизнесийн бүлэглэлүүд сонгуульд ялалт байгуулсны дараа өөрсдийн хүнээ томилуулах, ашигтай шийдвэр гаргуулахын тулд улс төрийн намуудыг санхүүжүүлнэЭнэ удаа төрийн эрхийг өнгөрсөн 30 жилд ээлжлэн барьж ирсэн хоёр том намын нэг болох АН-ыг хэн санхүүжүүлдэг талаар хөндөе. Дараагийн дугаарт МАН-ыг сонгуулийн үед гол санхүүжилтийг гаргадаг аж ахуйн нэгж, улстөрчдийн талаар бичих юм.

Нэгэнт даргыг солиод юу ч өөрчлөгдөхгүй байгаа учир буух эзэн, буцах хаягтай болох нь чухал болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог оноож өгөхгүйгээр бид хэн нэгнийг нь хардах нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил ойлголт болж байна.

Тэр хэрээр улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгохгүй байгаа нь нам дагасан авлига газар авахад хүргэв. Хандив нэрээр авлига өгдөг. Гэтэл хандивыг бизнестэй хүмүүс л өгнө. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Намыг ингэж санхүүжүүлснээрээ далд бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намын оройд гарчихдаг. Эргээд төрийн бодлогод нөлөөлж, баялгийн хуваарилалтад оролцдог.

Баялгийн хуваарилалтыг цөөнх, далд бизнесийн эрх ашигт зарцуулдаг. Тэгэхээр үүнээс ангижрах нэг том хөшүүрэг нь санхүүжилтийг ил болгох явдал” хэмээн ярьж байв.

Ердөө жил гаруйн өмнө АН-ынхан Яармагийн дэнжид шинэ байрны шав тавив. Үүний санхүүжилтийг Кёкүшюүзан Д.Батбаяр гаргасан гэх. Шанд нь намаасаа тойрог авахаар ярилцжээ. Гэхдээ тус байрыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажилд нь дорвитой ахиц гараагүй учир Д.Батбаярт нэр дэвшүүлэх “виз” өгөх асуудал талаар болсон гэх яриа ч улс төрийн хүрээнд гараад байна.

Кёкүшюүзан Д.Батбаярын компаниас гадна АН-ыг сонгуульд оролцоход “Шунхлай” групп, “АПУ” компани, “Гангар инвест” компани, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк, “Улаанбаатар хотын банк”, “Монос”, “Бодь”, “Бриж” групп, “Гермес центр” барилгын материалын худалдааны төв, “МИГ” даатгал, International school зэрэг аж ахуйн нэгж хамгийн их санхүүжилт өгдөг байна.

Энэ компаниудын ард АН-ын угшилтай гишүүд байдаг бөгөөд зарим нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тухайлбал, “Монос” группийг үүсгэн байгуулагчдын нэг Л.Эрдэнэчимэг АН-аас гурван удаа нэр дэвшиж, нэгд нь ялалт байгуулж байсан юм. Харин УИХ-ын гишүүн М.Зоригтын хувьд мөн л АН-аас хэд хэдэн удаа нэр дэвшиж, хууль тогтоох байгууллагад хоёр удаа сонгогдон бүр сайд хүртэл хийж байв.

Үүнээс намдаа хэр их хандив өгсөн нь харагдах биз ээ. Хандив өгсөн хэмжээгээр нь УИХ-д нэр дэвших эрх, төрийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга болдог жишиг тогтоод удаж буй.

Эрчим хүчний сайд Д.Зоригт гэхэд УИХ-д хоёр удаа сонгогдсон хүн. Түүний эзэмшдэг компаниуд АН-д хамгийн их хандив өгдөг гэх мэдээлэл байна. Түүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт ялагдсан ч санал луйвардаж, парламентад орж ирсэн гэх таагүй яриа дагадаг. Тэрбээр 2012 оны сүүлээр тангараг өргөсөн ч хамтарсан Засгийн газарт Эрчим хүчний сайд болж амжсан юм. Мөнгөө төлсөн нь “давхар дээл”-тэй даналзаж явдаг жишгийг тэр ийн түүчээлэв.

Мөн “Шунхлай” группийг дурдаж болно. Үүнээс гадна банкууд хоёр том намд их хэмжээний хандив өгдөг. Банк салбарын хууль эрх зүйн орчныг өөрсдөдөө ашигтай байдлаар гаргуулах, нийгмийн даатгал болон бусад сангийн мөнгийг банкиндаа хадгалах гэх мэтээр тэдэнд бизнесээ хамгаалуулахаас эхлүүлээд ашиг сонирхол асар их бий.

Тэдний төлөөлөл Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. Тэрбээр АН-ын бүлэглэлүүдийг санхүүжүүлж, бизнестээ ашигтай шийдвэр гаргуулдгаараа гаршсан гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг. Тухайлбал, 2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өөрийнх нь хөрөнгөөр худалдаж авсан гэх дүгнэлтийг холбогдох байгууллагууд гаргаад байгаа билээ.

Үүнээс гадна АН сонгуульд нэр дэвшүүлэхэд гишүүдээсээ авдаг дэнчингийн хэмжээ 2008 онд 20 сая, 2012 онд 80 орчим сая, 2016 онд 100 сая байсан бол 2020 онд 300-400 сая төгрөг хүрээд буйг тус намын гишүүд хэлсэн. Улс төрчид, аж ахуйн нэгжүүд хуулиар тогтоосон хязгаараас зайлсхийхийн тулд компанийн хандивыг хувь хүмүүсээр дамжуулан далдлах, нэр дэвшигчдийн дэнчинд мөнгө хандивлах зэргээр хуулийн хийдэл ашиглаж байгааг ч энд дурдах хэрэгтэй.

Намаа санхүүжүүлэх гэж төрөөс хумсалж, бусдаас авлига авах гэж байгаад баригдаж “дээлээ нөмөрч” буй хүмүүс олон. Хандив нэрээр авлигыг цэцэглэн хөгжүүлж буй газар нь улс төрийн намууд болчихоод байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Манай намд ч санхүүжилт ярьж байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга маань шоронд орсон тохиолдол бий.

Тэгэхээр төрөөр дамжуулж намаа санхүүжүүлэхээс өөр гарц намуудад үлдээгүй болохоор ингэж улайрч, зүтгээд байна. Хүмүүс яаж санхүүгээр намуудыг тэтгээд байдаг юм. Би дарга болно гээд мөнгө өгдөг үү, эсвэл танай намыг ялахаар дарга болно шүү гээд мөнгө өгөх үү. Энийг л ямар нэг аргаар ил гаргахгүй бол мөнгөтэй хүн намыг даргална. Өөр гарц үлдэхгүй. Тэгэхээр намын санхүүжилтийн 70-80 хувийг төр даах ёстой” хэмээж байжээ.

Шулуухан хэлэхэд, улстөрчид бизнесмэнүүдийн эрх ашигт үйлчилдэг учир Монголд авлига буурахгүй байна. Энэ удаагийн парламент Улс төрийн намын тухай хуульд “гар хүрэлгүй” бүрэн эрхээ дуусгаж байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй учраас 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээс өөр аргагүйд хүрсэн.

Гэвч намуудад үүнийг өөрчлөх хүсэл зорилго байхгүйгээр өнөөдрийг хүрлээ. Энэ нь авлига буурахгүй, ядуурал арилахгүй байхын дохио мөнөөс мөн юм. Ядаж хандивын дээд хэмжээг тогтоох томьёог инфляц, цалингийн доод хэмжээ, эсвэл дундаж цалинтай уялдуулан тодорхойлох зохицуулалт манайд алга шүү дээ.

%D2%AE%D0%A8(5) Хан-Уулынхны итгэлийг эвдэж, сэтгэлийг гонсойлгосон дөрөв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн