Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандартчилал хэмжил зүйн газраас бүрдсэн хоёр ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар бензин, шатахууны чанар, дүүргэлтийн хэмжээнд хяналт шалгалт хийхээр болсонталаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах мэдээллүүдийг өглөө. Улмаар Шатахуунаас болж автомашин нь эвдэрсэн тохиолдолд хаана хэрхэн хандах талаар: АИ92 авто бензиний хувьд октан тоо нь 92 байх ёстой. 95, 80 гэх мэт стандартаар заагдсан үзүүлэлтүүдийг хангах ёстой. Үүн дээр үйлдвэрлэгчээс бусад этгээд бүтээгдэхүүн дээр нэмэлт бодис нэмж, чанар сайжруулж, худалдан борлуулахыг хориглодог.
Өөрөөр хэлбэл, зөвхөн үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүн дээр чанар сайжруулагч нэмэлт бодис хийхийг стандартаар зөвшөөрсөн байдаг.
Шатахуун түгээх байгууллагуудад мөрдөгддөг дүрэм стандарт гэж бий. Шатахуун түгээх станц шатахуунаа дутуу шахсан, чанаргүй шатахуун худалдан борлуулсан гэх гомдлыг хувь хүмүүс шууд гаргах эрхтэй.
- Газрын тосны бүтээгдэхүүний аргачлал 46, 33 стандартад зааснаар хэрэглэгчээс дүүргэлт, шахалт, чанартай холбоотой мэдээлэл ирвэл тухайн шатахуун түгээж буй байгууллага газар дээр нь гомдлыг барагдуулах үүрэг хүлээсэн байдаг. Учир нь тухайн шатахуун түгээх станц шахалтыг үздэг багаж хэрэгсэлтэй тул газар дээр нь баталгааг нь үзүүлэх боломжтой.
- Мөн шатахууны чанартай холбоотой гомдол мэдээлэл ирвэл хэрэглэгчдэд газар дээр нь зөөврийн лаборатори зэргийг ашиглан боломжтой байдлаар үзүүлэлтүүдийг гаргаж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулах үүрэгтэй.
- Үүнээс гадна шатахуун түгээх станцаар борлуулагдаж буй шатахууны чанартай холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй байршуулахыг заасан байдаг.
Гэтэл одоогийн байдлаар шатахуун түгээх станцууд дурын иргэнд харагдахуйцаар шатахууныхаа чанартай холбоотой мэдээллийг тавихгүй байгаа ба тавих шаардлагатай байна.
Машин тээврийн хэрэгсэл эвдрэх олон шалтгаан бий. Үнэхээр шатахуунаас болж эвдэрсэн эсэхийг мэргэжлийн оношилгооны байгууллагууд үзлэг хийж байж эвдрэл гэмтлийг нотолно. Хэрвээ шатахуунаас хамааран автомашинд нь эвдрэл, гэмтэл үүссэн байвал шатахуун түгээсэн байгууллага болон хууль хяналтын байгууллагад хандан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг онцлов.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: “Иргэд бензин, шатахууны асуудалтай холбогдолтой гомдол саналаа ШӨХТГ-ын 115 дугаарын утсанд хэлж болно. Мөн бензин, шатахуунаас болж автомашин нь доголдсон, эвдэрсэн асуудал байвал холбогдох баримт бичиг, нотлох баримтаа бүрдүүлэн ШӨХТГ-т хандаж болно” гэв.