Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.18/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ дахь өвчлөлийн шинэ тохиолдлын 40 хувь нь Москва хотод бүртгэгдсэн. Тус хотод 800 ортой коронавирусийг эмчлэх шинэ эмнэлэг ирэх даваа гарагаас ашиглалтад орно.
Манай 119 утсанд 24 цагийн дотор 159 дуудлага ирснээс зарим нь эмнэлзүйн мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн амны хаалтгүй тоглож буй хүүхдүүдийг анхаарахыг хүсэж байна.
Гадаад улсад амьдарч байгаа нийт 96 иргэн Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө авсан бөгөөд эдгээр иргэдээс 13 нь шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тодруулбал, БНСУ-д хоёр, Ирландад дөрөв, ОХУ-д гурав, Шведэд хоёр, Швейцарьт хоёр Монгол Улсын иргэн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь оюутнууд байгаа бөгөөд бүгд гэрээр тусгаарлагдаж байна.
Одоогоор 1451 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд 5 хүртэлх насны 37, жирэмсэн 28, чихрийн шижинтэй 19, хорт хавдартай 17 иргэн байна. Үүнээс хоёр нь эрчимт эмчилгээнд байна.