Америкийн сувилагчид цар тахлын нөхцөл болоод эмнэлэг нь цогцсоор хэрхэн дүүрснийг харуулжээ

АНУ-ын Детройт дахь Синай-Грейс эмнэлгийн ажилтнууд нэрээ нууцлан эмнэлэгт нь юу болоод байгааг харуулжээ. Өвчтөн гэнэт олноор нэмэгдэж, хүмүүс ч ихээр нас барж эхэлсэн тул морг нь дүүрчээ. Ингээд өвчтөнүүдийнхээ цогцсыг сул чөлөөтэй байж болох бүхий л газарт хадгалж эхэлсэн байна. Жишээлбэл нойр судлалын тасагт зарим цогцсыг байршуулсан байгаа нь энэ.
Энэ зургаас харахад уутанд хийсэн хоёр цогцсыг орон дээр байршуулж, гурав дахийг нь буйдан сандал дээр суулгажээ. Өөр нэгэн зураг дээр тавиур бүхий нарийхан өрөөнд шал, тавцангаар нь цогцоснуудыг байршуулж, заримыг нь дээр нь давхарлажээ. Эдгээр зургийг Твиттерт цацсан сурвалжлагч Маршалл Коэны мэдээлснээр зарим цогцсон дээр байгаа цэнхэр ууттай зүйлс нь нас барагсдын хувийн эд зүйлс гэнэ.
Энэ бол хүмүүс бидний хувьд зурагтаар тэр болгон харж чадахааргүй COVID-19-ийн бодит үнэн юм. Эдгээр зургийг CNN телевиз Детройтын эмнэлгийн ажилтнуудаас авсан аж.
Сүүлд нь тус эмнэлгийн төлөөлөгч Брайан Тейлор цогцос хадгалах асуудлыг шийдвэрлэж, нэмэлтээр хөдөлгөөнт төхөөрөмж авсан гэдгээ мэдэгдсэн байна.