Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан /ААН/ бүрт сар болгон 200 мянган төгрөг олгох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ.
Энэ талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ, “Журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Баталсан тохиолдолд 200 мянган төгрөгийн энэ сараас олгож эхлэх юм.
Ковид19-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй” хэмээв.
Мөн НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, НДШ төлөлт нь тасрахгүй. Сүүлийн хоёр сарын цалингийнх нь дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ.
Түүнчлэн гурван сарын хугацаанд хүүдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж буюу 30 мянган төгрөг болгон олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Уг шийдвэр энэ сараас хэрэгжих бөгөөд үүнд зориулсан журам гаргах шаардлагагүй гэдгийг ХНХ-ын сайд дурдлаа.
Ташрамд дурдахад, энэ оны эхний гурван сард 5200 иргэн ажилгүйдлийн тэтгэмж авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 200-аар өссөн үзүүлэлт. Өмнөх оны эхний гурван сард ажилгүйдлийн тэтгэмжид 9 тэрбум төгрөг олгож байсан бол энэ онд 12 тэрбум болж өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөгөөс 420 мянга болж өссөнтэй холбоотой аж.