УИХ-ын ээлжит чуулганы хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төсөлд төмс, сонгино/сармис, улаан лооль, өргөст хэмх/, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийн импортын татвар 20 хүртэл хувь байгааг 30 хүртэл болгон нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ.
Мөн үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0 болгохоор заасан байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дотооддоо газар тариалан эрхэлж байгаа иргэд өрсөлдөх чадвар муутай байна. Эх орны хөрсөнд ургасан эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангах нь чухал байгаа. Хоёрдугаарт, хүнсний ногоо тариалснаар ажлын байр нэмэгдүүлнэ. Сэлэнгэ аймагт л гэхэд 6,000 орчим иргэн төмс, хүнсний ногоо тариалдаг байсан бол импортын ногоонд цохиуж одоо 3,000 орчим нь л хүнсний ногоо тариалж байна.
Энэ хуулийн төсөл батлагдвал 2020 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжихээр заасан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог нэмэгдүүлэх нь маш чухал. Хамгийн гол нь үнэ хямд, байнга хангаж чадах уу. Буудай тарьдаг хүмүүст Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлж байсан болохоос биш хүнсний ногоо тарьдаг хүмүүст ийм дэмжлэг байдаггүй гэж ойлгосон.
Та нар эдийн засгийн үр шимийг тооцоолсон уу. Гаднаас орж ирэх ногоог хориглолоо гэхэд дотоодын хэрэгцээг дотоодоосоо хангаж, үнийг нь барьж чадах уу. Мөн хэдий хэмжээний агуулах баригдах боломжтой вэ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Импортын татварын нэмэгдүүлснээр үнэ хямд, хангалттай байж чадах уу гэж байна. Эхний 1-2 жилд үнэ түр зуур өсөж болно. Түүнээс хойш дотоодоо хүнсний ногоогоор хангаад, үнийг нь барьж чадна.
Засгийн газар 150 тэрбум төгрөгийг зөвхөн тарианд биш хүнсний ногоо тариалахад зориулж жилийн гурван хувийн хүүтэй зээл гаргасан.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хүнсний ногооны нийлүүлэлт тогтвортой байвал үнэ тогтвортой байх боломжтой. Эхний ээлжинд тариалалтаас энэ асуудал хамаарна. Энэ жилийн хувьд боломжтой хэмжээнд тултал хүнсний ногоо тариалах чиглэл барьж ажиллаж байна.
Агуулахын тухайд нийслэлийн орчимд 45 мянган тоннын агууламжтай механикжсан агуулахууд байгаа. Тэдгээр агуулахуудтай ХХААХҮЯ-наас хамтран ажиллах чиглэл барьж байгаа. Цаашдаа бид Унгар улстай агуулахын аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана.
Бид хэрэгцээт нарийн ногооныхоо 1/3-ыг өөрсдөө тариалж байгаа. Нарийн ногоо тариалах өвөл, зуны 20 га хэмжээтэй, 50 сая ам.долларын өртөгтэй хүлэмж байгуулах төсөл боловсруулсан.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Импортын татвараа нэмлээ гэхэд харилцдаг орнууд ижил төрлийн барааныхаа үнийг нэмэх вий гэсэн болгоомжлол байна.
Сэлэнгэд төмс, хүнсний ногооны 40 хувийг тариалдаг. ХХААХҮЯ-наас үнэтэй техник шахдаг, хүнд суртлаа л больж, хэрэгцээтэй зээлийг нь олгоод ажиллах боломж бий болгоод өгчих. Төрөөс шаардлагатай техник хэрэгслээр хангана гэдэг гэдэг гоё үгээ одоо боль. 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээ хэзээ олгож эхлэх юм бэ. Одоо тариалалтын ажил эхэлчихээд байна шүү дээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариачид, ногоочид, жимсчдэд олгох 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Засгийн газар шийдвэрээ гаргасан байгаа.
Ийнхүү санал хураалт явуулснаар 75.5 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.