Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Эхний асуудал нь Монгол банкинд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн дүгнэлт, дараагийн хэлэлцсэн асуудал нь элчин сайдуудын томилгоо аж. Монголбанкинд хийсэн шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажилласан байна.
МАН-ын бүлгийн зарим гишүүд Монголбанкны шалгалтын тайланг нууцын зэрэглэлд хамруулах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь 0,85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуй нэгжид олгосон байна. Угтаа бол Монголбанк зээл гаргах эрх зүйн боломж байдаггүй билээ. Гэтэл хууль зөрчиж, маш бага хүүтэй олгосон зээлийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг зарим гишүүд хүссэн байна.
Үүнээс гадна Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Энэ нь манай улсын төсвийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээний тоо билээ.
Улсын төв банк нь ийм хүнд байдалд орчихсон байхад зөвхөн бүлгийн хурал дээр мэдээллээд цаашид нууцын зэрэглэлд оруулна гэдэг нь эрсдэлтэй юм. Үүнийг нууцлах гээд байгаа шалтгаан нь сонгууль дөхсөний шинж гэж зарим гишүүд дургүйцэж байгаа аж.
Ингээд бүлгийн хурал дээр Т.Аюурсайхан гишүүн тайлангаа танилцуулаад гишүүдэд мэдээлэл болгож, танилцуулга тараасан ч хурлын дараа хурааж авсан байна. Мөн нууцын зэрэглэлтэй материал тул цааш нь задруулахгүй гэдэг гарын үсгийг ч зуруулсан аж.
Эх сурвалж: http://www.news.mn/?id=925