Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Өмнө нь бид долоон сэтгэгчийн үзэл бодлыг хуваалцсан билээ.
Жон Аллен: COVID-19-ийн намтар түүхийг ялан дийлэгчид бичнэ
/Брукингсийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, АНУ-ын тэнгисийн явган цэргийн Корпусын дөрвөн одот чөлөөнд гарсан генерал, НАТО-гийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчний болон Афганистан дахь АНУ-ын хүчний командлагч асан/
Байнга тийм байсаар ирсэн, одоо ч тийм байх болно. CОVID-19-ийн цар тахлыг “ялан дийлэгчид” л түүхийг бичих болно. Энэ өвчний нийгэмд үзүүлж байгаа дарамт, нөлөөг улс орон бүр, одоо хүн нэг бүр улам хүчтэй мэдэрч байна. Илүү их хор хөнөөл, сүйрэл зовлонд өртөж, сөрөг муу үр дүнтэй гарсан улс орнуудыг бодвол улс төр, эдийн засгийн хосгүй систем хийгээд мөн өөрсдийн эрүүл мэндийн системийн сайн талын ачаар цөхрөлтгүй тууштай байж, тэсч давж гарсан улс орнууд л амжилтын төлөө өрсөлдөх болно. Хэн нэгэнд энэ нь ардчилал, олон талт харилцааны зарчим, бүх нийтийн эрүүл мэндийн агуу том, эргэлт буцалтгүй ялгуусан ялалт мэт харагдах байх.
Бас өөр хэн нэгэнд энэ бол эрс шийдэмгий авторитар засаглалын “давуу талыг” харуулсан явдал болох байх. Юутай ч энэ хямрал олон улсын засаглалын бүтцийг дахин бүрэн дүүрэн шинэчилж, үүнийг бидний төсөөлж чадахааргүйгээр хийх болно. COVID-19 эдийн засгийн идэвхжлийг дарамталж, улс орнуудын хооронд хурцадмал байдлыг улам хүчтэй болгоно. Алс хэтдээ энэхүү цар тахал глобал эдийн засгийн үйлдвэрлэлийн потенциалыг, ялангуяа компаниуд хаагдаж, ажлын байр байхгүй болох тохиолдолд, мэдэгдэхүйц сулруулж болох юм. Хөгжиж байгаа улс орнууд болон эдийн засгийн хувьд хамгаалалтгүй олон тооны ажилчидтай эдийн засгийн хувьд эмх замбараагүй байдлын эрсдэл онцгой хүчтэй байх болно. Олон улсын систем өөрөө асар том ачаалал үүрэх учраас дотоодын болон олон улсын зөрчил мөргөлдөөнийг олноор үүсгэж, тогтворгүй байдал бий болгоно.