Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Өмнө нь бид зургаан сэтгэгчийн үзэл бодлыг хуваалцсан билээ.
Жозеф Най: Америкийн засаг төрд шинэ стратеги шаардлагатай болно
/Гарвардын их сургуулийн профессор, “Ёс суртахуун чухал уу? Франклин Рузвельтээс Трамп хүртэлх Ерөнхийлөгч нар ба гадаад бодлого” (Do Morals Matter? Presidents and Foreign Policy from FDR to Trump) номын зохиогч/
-Ерөнхийлөгч Дональд Трамп их гүрнүүдийн өрсөлдөөнд ихээхэн анхаарал хандуулсан үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг 2017 онд тунхагласан. Энэхүү стратегийн сул талыг COVID-19 илтгэн харуулав. Тэр бүү хэл, АНУ агуу их гүрний хувьд бие даан ганцаар үйл ажиллагаа явуулсан ч өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байна. Энэ асуудлыг 2018 онд Ричард Данциг дараахь байдлаар томьёолсон. Тухайлбал, “21 дүгээр зууны технологиуд нь өөрийнхөө түгэн дэлгэрэх цар хэмжээгээр төдийгүй мөн өөрсдийн үр дагавраараа ч глобал шинжтэй юм. Патогенүүд, хиймэл оюун ухааны системүүд, компьютерийн вирусүүд болон цацраг туяа зэрэг нь зөвхөн тэдний төдийгүй мөн бас бидний асуудал болж бүрэн чадна. Тайлагналын зөвшилцсөн систем, ерөнхий арга хэмжээ болон удирдлага, хяналтын механизм, онцгой нөхцөлд ажиллах ерөнхий хэм хэмжээ, төлөвлөгөө зэргийг бий болгох, мөн түүнчлэн бидэнд тохиолдож болох олон тооны эрсдлийг багасгах зорилгоор гэрээ байгуулах хэрэгтэй байна”.
COVID-19, эсвэл цаг уурын өөрчлөлт гэх зэргийн үндэстэн дамнасан аюул заналын тухайд АНУ-ын хүч чадал, эрх мэдлийг бусад улс орны дээгүүр тавьж бодох нь хангалтгүй юм. Бусадтай хамтарсан хүч чухал болохыг танин мэдэхэд мөн амжилтын түлхүүр оршино. Улс орон нэг бүр юуны өмнө өөрийн үндэсний ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавих бөгөөд харин энэхүү ашиг сонирхлыг хэр зэрэг өргөн, эсвэл нарийн хүрээнд тодорхойлж байгаад чухал асуудал орших юм. Энэхүү шинэ ертөнцөд бид өөрийнхөө стратегийг зохицуулж чадахгүй байгааг COVID-19 харуулж байна.