Орчин цагт хүмүүсийг аажим аажмаар, удаан, тайван хоолло гэвэл байж боломгүй тансаглал гэж үзэж мэднэ. Бид цаг үргэлжид л яарч, явдал дундаа, эсвэл дэлгэцийн өмнө, бүр автомашинаа жолоодож байхдаа хүртэл бургер зэрэгхэнээр гэдсээ дүүргэхийг хичээдэг билээ. Гэтэл удаанаар тайван идэх нь хоол боловсролтод сайн төдийгүй тураадаг гээд олон давуу талтай.
Өөрөөр хэлбэл тайван, удаан, анхаарлаа хоолондоо төвлөрүүлж идэх нь юу идэх, хэзээ идэхээс ч илүү чухал асуудал аж.
Тайван хооллох нь өөрийгөө дотроос нь өөрчлөх хамгийн үр дүнтэй зуршил ч гэж хэлбэ болно. Хүсвэл энэ нь гүн ухаан, бясалгалтай төстэй бөгөөд ямар хүнс, ямар хугацаанд, ямар хэмжээгээр хэрэглэж байгаагаас үл шалтгаалан аль болох тайван идэх л ёстой юм. Энэ бол жингээ бууруулж, эрүүл мэндээ дэмжих хамгийн энгийн арга.
Род-Айлендын их сургуулиас нэгэн тусгай судалгаа явуулжээ. Тэд гоймонтой ижилхэн хоолыг хоёр хоногийн турш хэвийн жинтэй 30-аад эмэгтэйд өдрийн хоолонд нь өгсөн байна. Оролцогчдыг цадталаа идэхийг санал болгож байв. Гэхдээ эхний өдрийн хоолны өмнө аль болох хурдан идэхийг хүссэн бол хоёр дахь өдрийн хоолон дээр аль болох удаан идэхийг хүсчээ.
Ингээд тооцоод үзэхэд хурдан хооллох үед сайн дурын оролцогчид 9-хөн минутын дотор 646 ккал илчлэг авсан бол удаан идэх үедээ 29 минутын хугацаанд 579 ккал илчлэг авчээ. Удаан идсэн өдрөө тэд 20 минутаар тайван хооллож, 67 ккал дутуу авсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
Удаан идэх яагаад ашигтай вэ?
- Бие махбод. Хүнд цадсан мэдрэмж 20 минутын дараа ирдэг. Удаан идсэнээр хоолоо одоо идэж болсон, цадсан гэсэн дохиог мэдрэх боломжтой гэсэн үг.
- Сэтгэл зүй. Удаан идэж, хоолныхоо амтыг таашааснаар та багахан хэмжээний хоолонд сэтгэл ханана.
Хоолыг удаан идсэнээр гэдэс дүүрэх, гэдэс эвгүйрхэх зэрэг асуудлаас зайлсхийх боломжтой. Хоолоо хурдан идэх үедээ бид их хэмжээний хоолыг бага зажилж иддэг. Ходоод ийм том хэмжээний хоолыг боловсруулах гэж их ачаалал авснаас болж ходоод гэдэс хямардаг байна.
Бид тэгтлээ их өлсөөгүй ч хоол идэх цаг болсон гэсэн үедээ иддэг. Хүн өөрөө ингэж өлсөх, цадах дотоод дохиотой болдог байна. Харин та хоолоо удаан идсэнээр дотоод дохиогоо мэдэж, түүндээ итгэдэг болно. Аажмаар та зөвхөн өлссөн үедээ идэж, цадсан үедээ зогсож сурна.
Хоолоо удаан идэж сурахын тулд сарын турш дадал суулгах хэрэгтэй.
-Эхлээд хоолны өмнө нэг удаа амьсгал ав. Эхнийхээ хэсгийг амс. Ингээд дахиад нэг амьсгаа ав. Дахиад нэг амс. Гэх мэтчилэн яв.
-Өдөр өдрөөр 1 минутаар нэм. Зарим хүмүүст удаан сууж, бодлоготойгоор удаан идэх нь тансаглал мэт санагдаж магадгүй. Тэгвэл хэвийн үед иддэгээсээ өдөр бүр нэг минутаар удаан идээд үзээрэй. Энэ байдлаар аль болох идэх хугацаагаа сунгаж болно.
-Утас, компьютерээ хойш тавь. Жолооны ард, зурагт, утасны өмнө бүү ид. Ширээгээ гоё цэгцлээд суу. Харин буйдан дээр сууж идэж болохгүй. Аль болох тайвширч, идэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуул.
-Нэлээд их зажилдаг бүтээгдэхүүн сонго. Жишээ нь нэг бүтэн алим аваад хэдэн удаа зажилж байж дуусахыг анзаараарай. Энэ мэтчилэн жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээд, ямар хоолыг хамгийн удаан зажилж идэж байгааг анзаараарай. Боловсруулаагүй уураг, жимс, ногоо, бүхэл үр, шошны төрлийн бүтээгдэхүүн удаан зажлагддаг юм.
-Амандаа хийх хоорондоо ямар нэгэн юм хий. Жишээлбэл халбага сэрээгээ буулгаж, цэвэр ус бага хэмжээгээр балгах, ямар нэгэн юм бодох, хамт хооллож байгаа хүндээ асуулт тавих зэргээр завсарлага авч болно.
-Хоол идэх үйл явцаасаа таашаал ав. Бүтээгдэхүүн бүрийн амтыг нэг нэгээр нь мэдэр.
-Таны хооллолтын хурд юунаас шалтгаалж байгаад анхаар. Жишээ нь хэнтэй, хэзээ юу идэж байна, хаана идэж байна вэ гэдэг чухал.
Хэрвээ та аажим аажмаар хооллолтынхоо хурдыг багасгаж чадвал 30 хоногийн туршилтын дараа гэхэд л хоолны дараа ходоод гэдэс тань хямрахаа байж, хайртай жийнс тань чөлөөтэй ордог болсныг анзаарах болно. Дээр нь та өлсөх, цадах мэдрэмжээ бүрэн мэдэрч сурна.
1 comment
ynen shyy