Өчигдөр буюу /2020.04.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав.
Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаагаар чөлөөлөх, орлого нь 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох зэрэг шийдвэр баталгаажив. Мөн 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын албан татварыг хойшлуулахаар боллоо.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлд
- Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөлийг хангах
- Боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээ үзүүлэх
- Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих
- Импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх,
- ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээг тусгах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж баталсан юм.