Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.
Шеннон К.О’Нил: Ашиг орлого бага ч тогтвортой байдал илүү нэмэгдэнэ
/Олон улсын харилцааны зөвлөл дэх Латин Америкийн судалгааны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, (“Салшгүй хоёр үндэстэн: Мексик, Нэгдсэн улс хийгээд “Зам урагшаа”) номын зохиогч/
-Дэлхийн үйлдвэрлэлийн үндсэн суурь тулгуурыг COVID-19 ганхуулж байна. Одоо компаниуд өөрсдийн стратегийг эргэн харж, өнөөгийн үйлдвэрлэлд давамгайлж байгаа олон шатлал, олон үндэстэн бүхий гинжин нийлүүлэлтээ багасгах болно.
Хятадад ажиллах хүчний өртөг өссөн, Трампын худалдааны дайн, роботтехникийн салбарын шинэ ололт амжилт, автоматчилал, 3D хэвлэл зэргээс үүдэлтэй эдийн засгийн шүүмжлэл, мөн ялангуяа хөгжингүй эдийн засагт тохиолдож байгаа ажлын байрны бодит болон хуурамч алдагдлаас үүдэлтэй улс төрийн шүүмжлэлийн галд нийлүүлэлтийн глобал хэлхээ аль хэдийнэ өртсөн. Эдгээр холбоо хэлхээний нэлээдийг COVID-19 тасалсан. Халдвар тархсан бүсүүдэд завод, фабрикууд хаагдаж, бусад үйлдвэрлэгч, мөн түүнчлэн эмнэлэг, эмийн сан, супермаркет, жижиглэн худалдаа эрхлэгчид нөөцгүй, бараа бүтээгдэхүүнгүй болцгоосон.
Цар тахлын өөр нэг тал бас бий. Нийлүүлэлт хаанаас ирж байгааг мэдэхийг хүсч байгаа компаниуд одоо улам бүр олон болох бөгөөд үр ашигт муугаар нөлөөлөх хэдий ч баталгаатай нөөцөө ахиулах асуудлаа шийднэ. Стратегийн салбаруудыг нөөц төлөвлөгөө боловсруулах, нөөц бий болгохыг шахаж шаардах замаар төр засгийн зүгээс ч мөн оролцох болно. Үйлдвэрийн газруудын ашиг орлого буурах боловч нийлүүлэлт тогтвортой өсөн нэмэгдэх ёстой.