–Хямралын энэ шуурганд хамгийн ихээр өртөх улсын нэгээр Монгол Улсыг нэрлэжээ–
Коронавирусийн улмаас Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг 2020 онд 0,8 хувиар буурч болзошүй гэж НҮБ-ын шинжээчид дүгнэж байна. ДНБ-ий хүлээгдэж буй энэхүү уналт нь 1998 оноос хойших анхны уналт бөгөөд сүүлийн 60 орчим жилд тохиож байгаагүй хамгийн том уналт байх болно гэжээ.
COVID-19-ийн дэгдэлт АНУ болон Европын орнуудад Азийн бараа бүтээгдэхүүний эрэлтийг огцом унагасан. Гэхдээ эдийн засаг нь хурдацтай өсөж байгаа Хятад улс бүс нутгийнхээ улс орнуудад дэмжлэг үзүүлэх чадвартай гэж шинжээчид үзэж байна.
2020 онд коронавирусийн дэгдэлтээс болж Ази-Номхон далайн эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд байгаагүй уналтад орно. Энэхүү дүгнэлтийг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комиссоос гаргасан тайланд тэмдэглэжээ.
Урьдчилсан тооцооллоор бол зөвхөн COVID-19-ийн цар тахлын худалдааны гэрээнүүдэд үзүүлэх нөлөөллийг тооцоолбол бүс нутгийн ДНБ 0,6-0,8 хувиар буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 132-172 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй байна” гэж энэ тайланд тусгажээ.
Сонирхолтой нь Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг 1961 оноос эхлэн бараг тасралтгүй өссөн. Цорын ганц унасан тохиолдол нь 1998 онд Азийн санхүүгийн хямралын үеэр бүс нутгийн ДНБ 0,1 хувь унаж байсан түүх бий. Энэ тухай Дэлхийн банкны баримтад тэмдэглэдэг.
НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комиссын мэдээлснээр коронавирусийн дэгдэлтийн улмаас хамгийн их хохирол амсах эрсдэлтэй орнуудын тоонд Вьетнам, Монгол, Камбож, Сингапур улс орж байна. Эдгээр улсын экспорт АНУ, Европын холбооноос ихээхэн хамааралтай. Гэтэл энэ хэсгүүдэд одоогоор COVID-19 цар тахлын нөхцөл байдал илүү хүнд байдалтай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллээс үзэхэд дэлхий дахинаа коронавирусийн халдвар авсан хүний тоо 1,35 саяыг давснаас 79 мянга гаруй нь нас баржээ. Халдвар авсан хамгийн их хүн АНУ, Испани, Итали, Герман, Хятадад бүртгэгдсэн байна.
Өвчний тархалт, түүнтэй холбогдуулан улс орноос авсан хөл хорионы арга хэмжээ нь дэлхий дахинаа худалдааны хэмжээ, зорчигч тээвэрлэлтийг асар ихээр бууруулж байгаа юм. Азийн хөгжлийн банкны шинжээчид дэлхий дахины цар тахлаас үүдэлтэй хохирлын 4 их наяд ам.доллар болно гэж үнэлээд буй.
“Ази, Номхон далайн орнууд өрнөдийн орнууд руу гаргах бараа, үйлчилгээний экспортын уналттай тулгарсан. Учир нь тогтоосон хөл хорионы арга хэмжээнээс болж бизнесийн харилцаа эрс хумигдаж, үйлдвэрлэлийн болон худалдааны сүлжээ тасалдахад хүрсэн. Эдгээр улс бараг бүгдээрээ худалдааны үндсэн зах зээлийнхээ нэгийг алдсан нь эдийн засагт нь богино хугацааны хямрал нүүрлэхэхэд хүргээд байна. ДНБ-ий уналт 0,8-1 хувьд хүрч магадгүй” гэж БКС Премьер-ийн ахлах шинжээч Сергей Суверев мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Вьетнам, Монгол, Камбож зэрэг улс Европ, АНУ руу тодорхой төрлийн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүнчлэн хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нийлүүлж мэргэшсэн. Энэ хугацаанд Сингапур нь өрнөдийн орнуудад санхүүгийн үйлчилгээг гол нийлүүлэгчдийн нэг байлаа.
“Эдгээр хамаарлыг мэдсэн Ази, Номхон далайн орнуудын Засгийн газрууд одоо хямралын үр дагаврыг зөөллөхийг хичээж байна. Тухайлбал, нийгмийн төсөл, хүн амыг дэмжихэд хөрөнгө мөнгө идэвхтэй зарцуулж байна” гэж Суверов мэдэгджээ.
Үүний зэрэгцээ бүс дотроо өөрсдөө нь худалдааны эргэлт унасан байдалтай байгаа юм.
Хөршийн тусламж
Гэхдээ Хятадын эдийн засгийн сэргэлтээр Ази, Номхон далайн бүсийн хямралыг зөөллөж болно гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын засаг захиргаанаас нутаг дэвсгэр дээрээ цар тахал бараг дууссан гэж зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор Азийн энэ улс хөл хорионы дараа үйлдвэрлэлээ дахин сэргээж эхэлсэн. Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн 98-аас илүү хувь нь ажилдаа оржээ.
“Өнөө цагт бүгд л Хятадыг Ази Номхон далайн бүсээ эдийн засгийн хямралаас гаргах баталгаа болно гэж харж байна. Өөрсдөө хэдий өртсөн хэдий ч Бээжин хөршүүддээ дэмжлэг үзүүлж, тэднээс бүтээгдэхүүн импортолж эхэлнэ. Бүс нутгийн улс орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд тээвэр, ложистикийн сүлжээгээ сэргээх шаардлагатай болно. Гэхдээ нефтийн үнэ бага байгаа ийм нөхцөлд асар богино хугацаанд сэргээх боломжтой” гэж Оросын Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын академийн шинжээч Алексей Кричевский тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Хятад улс хөрш орнууддаа санхүүгийн тусламж үзүүлэх чадвартай. Сергей Суверовын хэлснээр Бээжин бүс нутгийн түншүүддээ хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр эхлүүлж магадгүй гэж үзэж байна.
“Түүнчлэн Бээжин сонирхож байгаа үйлдвэрүүдийнхээ хувийг худалдан авч магадгүй. Өөрөөр хэлбэл Европын холбоо, АНУ цар тахлын үр дагавартай тэмцэж байх зуур БНХАУ COVID-19 дэгдэлтийн төгсгөлөөс хойших шинэ бүс нутгийн зах зээлтэй болно” гэж Суверов дүгнэжээ.
https://russian.rt.com/business/article/735831-aziya-ekonomika-recessiya