[starbox]
-БНАСАУ-ын удирдагч стратегийн зэвсэг болсон энэхүү пуужингийн туршилтыг удирдав-
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ням гарагт дундын тусгалтай “Pukgukson-2 ” стратегийн баллистик пуужингийн хөөргөх үйл явцыг удирдлаа. “KCNA” мэдээллийн агентлагийн мэдээлснээр туршилтыг дайн тулааны нөхцөлд зэвсэглэлийн энэхүү системийн техникийн үзүүлэлтэд үнэлэлт хийх зорилгоор явуулсан гэнэ. БНАСАУ-ын тэргүүн үр дүнд нь сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд тус улсын стратегийн зэвсэгт зориулан энэхүү пуужинг цувралаар үйлдвэрлэх зарлиг гаргажээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга үндэсний цөмийн хүчийг хөгжүүлэх салбарт шинэ бодлого гаргалаа. Түүнчлэн тэрбээр батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд илүү чадварлаг, хүчин чадал өндөр зэвсэг үйлдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
БНАСАУ-ын зэвсэгт хүчнийг маршалын хувиар удирддаг Ким Чен Ун түүнчлэн пуужин хөөргөхөд оролцсон хүмүүстэйгээ хамт зургаа татуулсан аж.
АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ямар хариу үзүүлэв
БНАСАУ ээлжит пуужингийн туршилтаа хийсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Fox news” сувагт ярилцлага өгсөн байна. Уг ярилцлагадаа тэрбээр Вашингтоныг БНАСАУ-ын засаг захиргаанд эдийн засаг, дипломат байдлын хувьд илүү их дарамт шахалт үзүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр буюу мягмар гарагт хаалттай хуралдаан хийж, БНАСАУ-ын шинэ пуужингийн туршилтыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэхүү зөвлөгөөнийг АНУ, Япон, Өмнөд Солонгосын хүсэлтээр хийж байгаа аж.
Пхеньянаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотой мэдэгдэл, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, Вашингтоноос түрэмгий бодлого явуулж буй энэ нөхцөлд БНАСАУ батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж буй юм.
Долоо хоногийн дотор хоёр пуужин хөөргөжээ
БНАСАУ энэ сарын 14-нд “Hwasong-12” дунд тусгалтай баллистик пуужинг амжилттай туршсан билээ. Энэхүү пуужин нь 787 км хөөрөөд Япон тэнгист унасан аж. “KCNA”-гийн мэдээлснээр энэхүү туршилт нь том хэмжээний цөмийн цэнэглэгчийг зөөвөрлөхөд зориулагдсан шинэ төрлийн баллистик пуужингийн тактик болон технологийн онцлогийг үнэлэхэд зорилгоор явагдсан байна. Тэгвэл энэ удаагийн туршилт түүнээс хойш ердөө долоо хоногийн дараа болж байгаа юм. Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногийн туршилтын дараа тус улс Азидаа цөмийн болон пуужингийн тэргүүлэгч гүрэн болсныг зарлажээ.
Бээжин эвлэрлийн 100 хоног хүсчээ
Баллистик пуужингийн туршилттай зэрэгцээд бас нэгэн мэдээлэл гарсан юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-д айлчлал хийх үеэрээ Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампаас БНАСАУ-ын эсрэг 100 хоногийн турш хатуу арга хэмжээ авахгүй байхыг хүссэн гэнэ. Энэ талаар Япон, Америкийн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Японы “The Asahi Shimbun” сонинд мэдээлжээ.
Энэ 100 хоногийн хугацаанд БНХАУ Хойд Солонгосын түрэмгий бодлогыг зөөлрүүлэх зорилгоор Пхеньянд үзүүлэх дарамт шахалт үзүүлнэ гэж тэмдэглэсэн байна. Харин Трамп Бээжинг заасан хугацаанд хатуу арга хэмжээ авахгүй бол БНАСАУ-тай хамтран ажилладаг Хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэсэн аж.
100 хоногийн хугацаа долоодугаар сард дуусах бөгөөд энэ үеэр Германд G20-ийн дээд хэмжээний уулзалт болж, Си Жиньпин, Трамп нар дахин шинээр уулзалдах бололтой.
Эх сурвалж: