Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зориулгоор УИХ онлайнаар хуралдахаар болсон учраас ийнхүү дэгийн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа юм.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. УИХ-ын үйл ажиллагааг цахимаар явуулахдаа дараах зарчмыг баримтлах юм байна.
- Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах, уг программ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харж ярьж, сонсох боломжоор хангагдсан байх,
- Хурлын зарыг цахим шуудан ашиглаж УИХ-ын гишүүдэд мэдэгдэх,
- Тухайн өдрийн хуралдааны товлон цагаас нэгээс доошгүй цагийн өмнө цахим хуралдааны программыг идэвхжүүлж, гишүүдийг хуралдааны ирцэд бүртгүүлэх боломжийг хангах,
- Хэлэлцэх асуудлын тухайн мэдээллийг цахим шуудангаар илгээх, УИХ-ын цахим хуудсанд байршуулах,
- Онлайнаар хуралдах болсон тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд хуралдааны танхимд биечлэн ирэх, бусад гишүүд бусад танхим болон албан өрөөнөөсөө хуралд оролцох, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол байгаа газраасаа оролцох,
- Цахим хуралдааны ирцэд бүртгүүлсэн гишүүн албан ёсоор чөлөө аваагүй, Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцэж байна гэж үзэн ирцээс гарахаа мэдэгдэж цахим хурлаас гараагүй бол ирцэнд тооцогдож, санал нь эсрэг санал болох,
- Нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагийн хугацааг тогтоох,
- Санал хураалтыг гар өргөж, эсвэл цахим хуралдааны программын текстээр мэдээлэл солилцох хэсгээр явуулах,
- Хурлын дэг зөрчсөн болон программын текстээр мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж буй асуудалд хамааралгүй үг бичихийг хориглох, дэг зөрчсөн гишүүний асуулт асууж, үг хэлэх эрхийг хязгаарлах гэх мэт зохицуулалтуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгажээ.