-Шар айрагны үйлдвэрлэгчийн хүү хэрхэн улсын тэргүүн болсон хийгээд хатдын ордон байгуулж, Аушвицын ерөнхий эмчийг асарч байсан тухай-
Лента.ру сайтын дарангуйлагчдын цуврал материалаас үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаа Германаас зугтаж ирсэн нацистуудад орогнох байр олгож, хувь хүнийг тахин шүтэх үзэгдэл, авлига, хээл хахуулийг улсдаа цэцэглүүлсэн Парагвайн удирдагч Альфредо Стресснерийн тухай өгүүлэх болно. Дарангуйлагчийн гэр бүлийн хөрөнгө 900 сая ам.доллараар үнэлэгдэж байсан гэдэг.
Бразилийн нийслэлийн нэгэн бөглүүдхэн оршуулгын газарт даруухан ёслол болох аж. Оршуулгын ёслолд хар хувцас өмссөн хэдэн арваадхан хүмүүс ирсний олонх нь нас дээ гарсан эрчүүд, эмэгтэйчүүд. Нутгийн засаг захиргаанаас энэ ёслолыг үл тоож, цэргийн оркестр тоглуулж, их буу ч тавьсангүй. Латин Америкийн хөрш улсыг 35 жилийн турш айдас хүйдэс дунд амьдруулсан Альфредо Стресснер хэмээх Парагвайн дарангуйлагчийг ингэж оршуулж байгаа гэдэгт итгэхэд бэрх.
Хэргийн гол учир нь амьд Стресснерийг Бразил Улс өгөхийг хүсээгүй бол үхсэнийх нь дараа түүнийг Парагвай Улс өөрсдөө авахаас татгалзсан нь энэ юм.
Баварын шар айраг үйлдвэрлэгчийн хүү
Альфредо Стресснерийн эцэг эх нь Бавараас ирсэн цагаачид байсан бөгөөд Энкарнасьон хэмээх Парагвай дахь германчуудын гол төв болсон жижигхэн хотод аж төрдөг байжээ. Эцэг нь жижигхэн хэрнээ тун алдартай шар айрагны үйлдвэр эзэмшдэг, ирээдүйд үйл хэргээ хүүдээ өвлүүлэх төлөвлөгөөтэй байв. Харин хүү нь амьдралын өөр төлөвлөгөөтэй байсан нь бөглүү газарт шигдэн соёолжийн ундаа үйлдвэрлэхэд цагийг барах бус, цэргийн хүн болох байжээ.
Нас дээр гарсан Стресснерүүдийн хувьд энэ мэдээ нь цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт л санагджээ. Тухайн үед офицерууд, тэр дундаа төрийн эргэлтэд оролцсон цэргүүдийн хувьд заяа тун гунигтайгаар төгсдөг байв. Гэвч Альфредог ятгах гээд бүтсэнгүй.
Эхлээд тэр Асунсьон дахь цэргийн сургуулийг дүүргэж, дараа нь Бразилийн Рио-де-Жанейрод иржээ. Парагвайд тухайн үед тайван бус, цэргийн нэг дэглэм нөгөөгөөрөө солигдож, 1940-өөд оны сүүлчээр иргэний дайн эхэлсэн байна. Дэслэгч Стресснер зарчимч, командлах чадвар, шаргуу, шийдэмгий, анхаарал болгоомжтой, зохион байгуулах онцгой авьяастай гэх мэт шууд л өөрийн давуу чанараа харуулж эхэлсэн нь хожим нь улс төрийн карьераа босгоход нь хэрэг болж эхэлжээ.
Командлагчид нь залуу дайчны эр зоригтой байдал, гүйцэтгэлийг ихэд үнэлж, маш хурдан хугацаанд карьер ахиулж эхэлсэн байна. Цолууд нь ар араасаа нэмэгдсээр хэдхэн жилийн дотор хүү дэд хурандаа болов.
Хажуугаар нь Стресснер улс төрд идэвхтэй оролцож, улс төрийн хуйвалдаан хийж, өрсөлдөгчдөө унагасаар байлаа. Ингээд тэр доктор Федерико Чавесыг Ерөнхийлөгч болгоход нь тус болжээ. Альфредод талархсан шинэ удирдагч түүнийг улсынхаа зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгосон байна.
Гэвч Чавесын цэргийн гол зөвлөх нь түүнээс урваж, өөрөө Ерөнхийлөгчийн суудалд суух гэж яарсандаа цэргийн эргэлт хийж орхижээ. 1954 оны зун Альфредо Стресснерийн мөрөөдөл биелсэн юм.
Үүнийг төр барих хугацаанд Парагвай улс эрчимтэй хөгжиж байлаа. Үүнээс өмнө улсынхаа нийслэлдээ ус дамжуулах шугам ч үгүй байсан бол Стресснерийн үед улс орон нь бага ч атугай тогтворжиж, хүн ам нь орлоготой болж эхэлжээ.
Парагвай Улс Бразилтай хамтран Парана мөрөн дээр Итаипу усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчний томоохон экспортлогч хүртэл болов. Үүнээс гадна Латин Америкийн энэ улсад АНУ-аас томоохон тусламж үзүүлж байлаа. Дарангуйлагч эр Вашингтонд үнэнч гэдгээ нэг бус удаа баталж, улсдаа цэргийн бааз байгуулахыг зөвшөөрч, Парагвай бол “АНУ-ын хамгийн сайн анд нөхөр” гэдгийг зарлан Америкийн орнуудын байгууллага, НҮБ-д АНУ-ыг идэвхийлэн дэмжиж байв. Америкийг Доминиканы Бүгд Найрамдах Улс руу дайран орох үеэр америкчуудад цэргээ илгээж, санхүүгийн тусламж хүртэл үзүүлж байлаа.
Энд тэндгүй тэр
Харин Парагвайдаа бол нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл харгис дарангуйлалтай хосолсон ардчилсан маягийн институци бий болжээ. Олны хэл амнаас зайлсхийж, таван жилд нэг удаа сонгууль болох бөгөөд үргэлж л Стресснер ялалт байгуулна. Парламентын үйл ажиллагаатай ч түүний гол үүрэг нь төрийн тэргүүний бүх шийдвэрийг баталж, тамгалах явдал байв.
Харин Стресснер энэ зуурт өөртөө шинэ одон бий болгож, генералиссимус болжээ. Улс оронд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл давамгайлж, энд тэндгүй түүний парагвайчууд руугаа инээмсэглэсэн зурагт плакат өлгөгдөж, дунд, их сургууль, цэнгэлдэх хүрээлэн, тэр бүү хэл бүхэл бүтэн хотыг түүний нэрээр нэрлэж байлаа.
Ерөнхийлөгчийн хөрөг шаардлагатай газарт байхгүй байх нь “оюун санааны терроризм” гэж үзэж, шоронд хүртэл хорьдог байв.
Стресснерийн гарт асар том бүрэн эрх төвлөрчээ. Ерөнхийлөгч, ерөнхий командлагч, эрх баригч “Колорадо” намын хүндэт дарга гээд л урсаж өгнө. Жил ирэх тусам тэр өөртөө шинэ цол бодож олж байснаас нь дурьдвал “энхийг дэмжигч”, “дээд удирдагч”, “Америк тивийн шилдэг дайчин” гээд хөвөрнө. Төрийн тэргүүнийг шүдээ хүртэл зэвсэглэсэн 2000 гаруй цэрэг хамгаалж байлаа.
Латин Америкийн бусад удирдагчид түүнээс үлгэр жишээ авч байлаа. Тэд түүнтэй нөхөрлөж, түүнийг дэмжих хэрэгтэй, адаглаад л засаглалаа алдах үед Парагвайд Улс төрийн орогнол хүч болно гэж тооцоолж байв. Латин Америкийн хэд хэдэн улсыг коммунизмтай тэмцэхэд хүчээ нэгтгэх санаа Стресснерийн толгойд орж ирэхэд л Чили, Уругвай, Аргентины төлөөлөгчид бодож санах ч үгүй шууд л түүнийг дэмжиж байлаа.
Үр дүнд нь нууц албад социалист, коммунистуудыг устгах даалгавар өгч эхэлжээ. Парагвайд түүнийн төр барих хугацаанд янз бүрийн баримтаас үзэхэд 107-130 мянган хүн өртсөн гэдэг.
Тэрээр өөрийг нь хэн ч шийтгэхгүй хэмээн сэтгэж, индианчуудыг “коммунистуудыг гар хөл” хэмээн буудахаас гадна үзэгнийхээ үзүүрээр л компани, фирмүүдийг тарааж байлаа. Бразилийн Gazeta Do Povo хэвлэлд бичсэнээр бол Стресснерийн бараа бологчид Асунсьоны дагуул хотод хатдын өргөө босгож, 8-15 насны хулгайлсан хүүхдүүдийг байлгадаг байсан гэнэ.
“Стресснер ойролцоогоор оройн 10-11 цагийн үед ирээд хуучин том машиныхаа жолооны ард ямар нэгэн хамгаалалтгүйгээр сууж байсан. Тэр машинаа зогсоолд тавиад, байдаг л хэвийн зүйл мэт мэндэлж байсан. Шөнийн 03 цагийн үед тэр тайван гэгч нь гарч одсон. Дарангуйлагч өөрт нь дан онгон охид нийлүүлэхийг шаарддаг байлаа” гэж уг сонинд болсон явдлын талаар дүрслэн бичжээ.
Нацизмын уурхай
Тухайн үед Парагвай улс нацизмын үүр уурхай болон хувирсан юм. Стресснер Германаас зугтаж ирсэн нацистууд болох 200 мянга гаруй хүнийг далбаан дороо нууж байлаа. Тэдний дунд Аушвицын ерөнхий эмч Йозеф Менгеле ч байсан бөгөөд Латин Америкийн дарангуйлагчийн дотны найз болсон гэдэг.
Парагвай Улс дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн улс болов. Стресснерт үнэнч цэргийнхэн хууль бус эдийн засагт хутгалдан орж, улс оронд хар тамхи, архи, машин, тансаг эдлэлийн хууль бус хил нэвтрүүлэх үзэгдэл цэцэглэж эхэлжээ. Энэ бүгд гадаад худалдаанаас их ашиг авчирч байлаа.
Олж ирсэн ашиг нь Латин Америкийн удирдагчийн төрөл төрөгсөд, найз нөхдийн халаасанд орно. Дарангуйлагчийн гэр бүлийн хөрөнгө 900 сая ам.доллараар үнэлэгдэж байлаа. Түүний хөвгүүд улсдаа асар том нядалгааны газар эзэмшиж байсан бол бусад хамаатан садан нь тоглоомын сүлжээ эзэмшдэг байв.
1980-аад оны эхээр Стресснерийн дэглэмд төгсгөл ирж, улс оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Хөрөнгө оруулалт багасч, гадаад өр төлбөр нь өсөж, хөдөлмөрийн чадвартай хүн амын 45 хувь нь ажилгүйдэлд өртжээ.
Энэ хугацаанд дарангуйлагч том хүү, агаарын цэргийн дэд хурандаа Густавод засгийн эрхээ шилжүүлэхээр төлөвлөж байлаа. Энэ шийдвэр нь Парагвайн удирдагчийн талын хүмүүсийн ч дургүйцлийг хүргэж байв. Аажмаар хүмүүсийн дургүйцэл улам идэвхжиж, Парагвайн хот, гудамжуудад эсэргүүцэл өрнөж эхэлжээ. Энэ эсэргүүцлийг хүчээр дарах боломжгүй болсон байв.
Дарангуйлагчаас АНУ ч нүүр буруулжээ. Ерөнхийлөгч Рональд Рейган Парагвайг дарангуйлагчийн дэглэмтэй улсын жагсаалтад оруулав. Стресснерт огцрох цаг болсныг нь сэмхэн ч сануулаад авч. Ингээд дарангуйлагчийн хамаатан, хамтран зүтгэгчдийн нэг генерал Андерс Родригес цус урсгалгүй төрийн эргэлт хийж, удирдагчийг саатуулаад, хэд хоногийн дараа гэр бүлийнх нь хамт Бразил руу цөлжээ.
Парагвайн шинэ засаг дараа нь Бразилаас хуучин дарангуйлагчаа хэд хэдэн удаа шаардаж, авлига, хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгах гэсэн боловч амжилт олоогүй юм.
Стресснер амьдралынхаа үлдсэн 17 жилийг Бразилд “Сайдын хойг” нэртэй найман унтлагын өрөө, цахилгаан шат, усан сантай тансаг шилтгээнд өнгөрүүлсэн юм. Эхнэр, хүүхдүүд нь нас барж, амьдралын сүүлийн жилүүдийг ганцаар өнгөрөөсөн түүнээс ач хүү бага Альфредо Стресснер нь л үлджээ. Тэрээр өвөөгөө нас барсан тухай 2006 оны наймдугаар сард мэдэгдсэн юм.
Бага Стресснер дарангуйлагч агсны цогцсыг эх оронд нь буцааж, томоохон оршуулгын ёслол үйлдэх саналыг Парагвайн засаг захиргаанд тавьсан боловч тэд түүний саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.МАРТ
2 comments
Манай дарангуйлагч Элбэгдоржид төрийн шагналт дуучин Болд хүүхэн нийлүүлдэг байсан тухай шивэр авир ярилцдаг юм.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ, олны үг ортой ч гэдэг.