Дэлхийн ТОП-5 баян: Америкийн “Forbes” сэтгүүл гуравдугаар сарын 20-нд жил тутамд гаргадаг долларын тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан юм. Өнгөрсөн онд долларын тэрбумтнуудын тоо 2000 гэсэн босгыг давсан бол жилийн дотор тэд 13 хувиар нэмэгдэн одоо 2043-д хүрчээ. 31 дэх жилдээ гаргаж байгаа энэ удаагийн жагсаалтаас харахад дэлхийн баян хүмүүсийн хөрөнгийн нийлбэр дүн 18 хувиар өсч $7.67 их наяд доллар болон нэмэгдсэн байна. Жагсаалтыг энэ онд Билл Гейтс дахиан тэргүүлж, удаах байрт түүний найз Уоррен Баффет бичигдлээ. Харин Жефф Безос анх удаа эхний гурван байрт багтсан байна.
- Билл Гейтс
Хөрөнгө: $86 тэрбум
Хөрөнгийн эх сурвалж: Microsoft
Нас: 61
Улс: АНУ
“Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүнээр дөрөв дэх жилдээ дараалан бичигдэж буй Билл Гейтс сүүлийн 23 жилд энэ жагсаалтад 18 удаа багтаж байгаа юм. Тэр 40 гаруй жилийн өмнө Пол Алены хамт программ хангамжийн томоохон үйлдвэрлэгч Microsoft корпорацийг байгуулсан.
Гейтсийн бусад хөрөнгө оруулалт нь Канадын үндэсний төмөр зам, Америкийн машин байгуулалтын Deere & Co. компани, хаягдал боловсруулах Republic Services, автодилер AutoNation зэрэг юм. 2016 онд тэрээр Amazon-ы Жефф Безос оролцсон хөрөнгө оруулагчдын багийн хамт нэг тэрбум ам.доллараар Breakthrough Energy гэх хөрөнгө оруулалтын санг бий болгожээ.
Тэрбумтаны тэргүүн салбарын нэг нь гол зорилгоо ядуу орнуудын эрүүл мэндийн системийг сайжруулах, өлсгөлөнтэй тэмцэх хэмээн зарласан Билл ба Мелинда Гейтс гэх буяны сан юм.
2. Уоррен Баффет
Хөрөнгө: $75.6 тэрбум
Хөрөнгийн эх сурвалж: Berkshire Hathaway
Нас: 86
Улс: АНУ
Тэр 2016 онд хөрөнгөө 15 тэрбумаар баяжуулж чансааны хоёрт эргэн ирэв. Түүний Berkshire Hathaway компани нь Geico, Dairy Queen, Fruit of the Loom зэргийн 40 компанийн хувиас эзэмшдэг. Wells Fargo, IBM болон Coca-Cola-д хөрөнгө оруулдаг. Уоррен анхны хөрөнгө оруулалтаа 11 настайдаа хийжээ. Эцгээсээ зээлдсэн мөнгөөр тэр Cities Service Preferred компанийн гурван хувьцааг худалдан авч, дараа нь үнээ өсгөн зарж чаджээ.
38 доллараар аваад 40 доллараар зарсан хувьцаа нь хожим 200 доллар хүртэл өссөн байв. Энэ нь түүнд “хөрөнгө оруулагч хүн тэвчээртэй байх ёстой” гэсэн сургамжийг өгчээ. Тэрээр Баффет, Билл Гейтс нарын байгуулсан “The Giving Pledge” буяны компанид нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар $28.5 тэрбум доллараа хандивлаад байгаа аж.
- Жефф Безос
Хөрөнгө: $72.8 тэрбум
Хөрөнгийн эх сурвалж: Amazon.com
Нас: 53
Улс: АНУ
Жефф Безост ихээхэн амжилттай, азтай жил тохиож түүний компанийн хувьцаа 67 хувиар нэмэгдэж эзэндээ $28 тэрбумын ашиг авчирчээ. Оnline-ретейлерын хөрөнгөжилтийн өсөлт нь түүнийг дэлхийн гурав дахь баян болгов. Өөрийн бизнесээ бий болгохоос өмнө тэр Безос хеж-санд ажиллаж байсан бөгөөд 1994 онд онлайнаар ном худалдахаар шийдэн ажлаасаа гарч Amazon компаниа байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд тэр сансарын аялалыг их сонирхон “Blue Origin” компанийг байгуулан сансар луу олон дахин нисч болох зорчигдын хөлгийг бүтээхээр ажиллаж байна.
- Амансио Ортега
Хөрөнгө: $71.3 тэрбум
Хөрөнгийн эх сурвалж: Zara
Нас: 80
Улс: Испани
Ортега Европын хамгийн баян хүн төдийгүй, дэлхийн томоохон худалдагч. Түүний хөрөнгийн үндэс нь “Zara” компани. Өнгөрсөн онд “Zara”-ийн хувьцааны үнээ 14 хувиар нэмэгдүүлсэн нь түүний хөрөнгөд $4.3 тэрбумыг нэмэв. Гэхдээ энэ онд түүний өрсөлдөгч Безос, Баффет нарын хөрөнгө хамаагүй илүү өссөн байна. Ингээд тэр чансаанаас хоёр байраар ухарчээ.
“Zara” компанийг Ортега дөрвөн жилийн өмнө нас барсан өөрийн анхны эхнэр Розалиа Мерагийн хамт байгуулжээ. Өнөөдрийн дэлхийн хамгийн алдартай брэнд фирмийн эзэд тэр үед гэрийнхээ том өрөөнд зөвхөн дотуур хувцас, ваннын халат үйлдвэрлэж байсан аж.
1980-аад оны дундуур Испанийг бизнесээрээ сүлжсэн “Zara” 1989 онд Америкт анхны дэлгүүрээ нээсэн байна. Компани реклам сурталчилгаа огт хийдэггүй. Гэхдээ шинэ дэлгүүрийнхээ нээлтийг санхүүжүүлдэг. Ортега жилд зөвхөн өөртөө 400 саяын ашиг авч түүгээрээ Нью-Йорк, Мадрид, Барселона, Лондон, Чикаго, Майами зэргийн том хотод хөрөнгө оруулалт хийдэг.
- Марк Цукерберг
Хөрөнгө: $56 тэрбум
Хөрөнгийн эх сурвалж: Facebook
Нас: 32
Улс: АНУ
Facebook нийтийн сүлжээг Марк Цукерберг 19 настайдаа 2004 онд үүсгэн байгуулсан. Facebook-ын төлөө Цукерберг Харвардын их сургуулийг орхисон юм. Өнгөрсөн онд хувьцаа нь өссөн учир Цукерберг хөрөнгөө 11.4 тэрбум доллараар нэмэгдүүлж чадлаа.
Өнгөрсөн онд Цукерберг сүлжээнийхээ удирдлагад идэвхитэй оролцохоос гадна Instagram, WhatsApp мессенджер зэргийг худалдан авч дээр нь виртуаль бодит байдлын Oculus VR дуулга дээр ажиллажээ. Марк түүний эхнэр Присцилла Чан нар 2015 онд анхны хүүхдээ төрүүлсэн бол тэд өнөөдөр хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Энэ гэр бүл Facebook дэх хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлст зориулахаар амлажээ.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС