Хэрэглээний зээлтэй холбоотой тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч арилжааны банкууд ажил хэрэг болгохгүй, нийгэмд нэлээн шуугиан тарьж, үл ойлголцол бий болгоод байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт банкуудад нэлээн хатуухан үг хэлсэн. Түүнээс хойш банкууд “зөөлөрч”, иргэдээс зээл хойшлуулах хүсэлтийг онлайнаар авах утхай мэдээллийг олон нийтэд хүргэж эхлэдэ байна.
Арилжааны банкууд сая хэрэглээний зээлийн 1 их наяд төгрөгийг төрөөс төлүүлэх заль гаргасан
Энэ үйл явдлын талаар Эдийн засагч Б.Лхагважав дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр ” Зээл хойшлуулах шийдвэр 14 хоногийн өмнө гарсан шүү дээ. Тэгтэл энэ хугацаанд арилжааны банкууд хамгийн эрсдэлтэй зээлүүдээ төрөөр төлүүлэхийг оролдсон учраас Ерөнхий сайд банкуудад хандан хатуу үг хэлсэн нь тэр.
Үндсэндээ арилжааны банкнуудад нийт 5 их наяд төгрөгийн хэрэглээний зээл бий. Сүүлийн сар гаруйн хугацааны судалгаагаар хэрэглээний зээлээс 1 их наяд төгрөгийн зээл нь ашиггүй болсон. Гэтэл банкнууд заль гаргаж ашиггүй 1 их наяд төгрөгийн зээлээ төрөөр төлүүлэх гэж оролдсон. Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс тэглэсэн.
Нарийндаа арилжааны банкнуудын хамгийн эрсдэлтэй зээл нь тэтгэврийн зээл байсан. Гэтэл нийт ахмадын 730 тэрбум төгрөгийн зээлийг мөнгө хэвлүүлээд төрөөс төлүүлчихсэн. Эндээс хамгийн их хожсон нь арилжааны банкууд. Үүнтэй адилхан сая хэрэглээний зээлийн 1 их наяд төгрөгийг төрөөс төлүүлэх заль гаргасан боловч Засгийн газар “Уучлаарай боломжгүй, эрсдэлтэй үед дандаа зальдаж болохгүй” гэж арилжааны банкнуудын ам руу нь алгадсан хариулт өгсөн” хэмээв.
Монголбанк бодлогын хүүгээ нэгээр бууруулсан нь өнгөлөн далдлалт төдий
Мөн Монголбанк бодлогын хүүгээ дахиад ч буулгах боломжтой бөгөөд бодлогын хүүгээ бууруулахгүй байгаа шалтгааныг ийнхүү тайлбарлав. Тэрбээр “Арилжааны банкуудын асар том эрх ашиг яваа учраас тэр шүү дээ. Төв банк бодлогын хүүгээ таван хувь руу буулгах хэрэгтэй. Тав болгосноор хадгаламжийн хүү нэг оронтой тоо буюу 6-7 хувь руу буурч мөн зээлийн хүү багасна. Сая Монголбанк бодлогын хүүгээ нэгээр бууруулсан нь өнгөлөн далдлалт төдий. Арилжааны банкнуудын хамгийн том зээлдэгчид нь уул уурхайн компаниуд. Гэтэл одоо уул уурхайн компаниуд бүгд шалан дээр унасан зэргээс арилжааны банкууд маш хүнд байдалд байгаа. Ийм үед хурган заль гаргаж хэрэггүй, яг хоёр талаасаа бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүүгийн аль алийг нь буулгах механизмыг хамтарч шийдвэл үр дүнд хүрнэ.
2009 оны хямралын үед арилжааны банкуудыг дампуурлаас нь төр аварч байсан. Тэр бүү хэл арилжааны банкнуудад хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй ажиллах эрхийг нь 2019 он хүртэл өгч байсан. 2012-2016 оны хямралын үед мөн л арилжааны банкийг тухайн үед Засгийн газар л аварч байсан. Банкнуудыг дампуурлаас аврах тусам төрөөс дандаа ашиг хонжоо хайдагт нь “Төр төмөр нүүрээ харуулах цаг” нь болсон” гэлээ.