Коронавирусний тархалт цар тахалын хэмжээнд хүрч дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбар хямралтай нүүр тулж буй үед Засгийн газрууд хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө арга хэмжээ авч байна. Энэ нөхцөл байдал нь эрүүл мэндийн салбарын сул тал, авлигын эрсдэл, боломжийг бий болгож буй юм. Ийм хүнд нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарт авлига газар авбал цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний үр дүнг бууруулж, иргэд эрүүл мэндийн тусламж авч чадахгүйд хүрэх юм.
Ердийн үед эрүүл мэндийн салбар нь авлигын улмаас жилд 500 тэрбум ам. доллар алддаг гэсэн тооцоо байдаг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НУРАН УНАХЫН ДАВААН ДЭЭР БАЙНА
Дэлхийн хэмжээнд 164 гаруй улс цар тахалтай тулаад байна. 200,000 гаруй хүн өвчилж, 8,000 гаруй хүн нас барж цаашид энэ тоо өдөр тутам өсөх хандлагатай байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдийн тоо огцом өсөн нэмэгдэж буй энэ үед тогтвортой бус үндэсний эрүүл мэндийн салбарууд нуран унахад бэлэн байна. Ихэнхи улс орнууд иргэдийнхээ амь насыг аврахад шаардлагатай эрүүл мэндийн албан хаагчдаар дутмаг байгаа бөгөөд коронавирусыг оношлох, эмчлэх боломж хязгаарлагдмал байна.
АВЛИГЫН ЭРСДЭЛҮҮД
Харамсалтай нь хямралын үед хяналт суларч авлига нэмэгдэх байдал ажиглагддаг. Дэлхийн эрүүл мэндийн салбарт өмнө нь учирч байсан онц байдлын үед, тухайлбал, Эбола вирус, гахайн ханиадны үед хүний зовлонгоор ашиг хонжоо ологчид гарч ирдгийг хүмүүс мэдэж авсан билээ. Эдгээр эрсдэлийг урьдчилан тодорхойлох нь эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай энэ үед дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтанд дэмжлэг болно.
ЭМ, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАН АВАЛТ
Эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт нь авлигын өндөр эрсдэлтэй байдаг.
Дэлхийн хэмжээнд худалдан авалтын 10-25 хувь нь авлигын улмаас алдагддаг хэмээн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар тооцолсон байна. Европын Холбоонд эрүүл мэндийн салбар дахь авлигын хэргийн 28 хувь эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой байна. Гэтэл нь энэ ердийн үеийн тооцоо юм.
ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
коронавирусний улмаас дэлхийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудаж буйг улс орнууд мэдээлж байна. Энэ нь худалдан авалтын эмзэгхэн процессод нэмэлт ачаалал болохоос гадна худалдан авахаас өөр ямарч сонголтгүй болсон Засгийн газруудаас нийлүүлэгч компаниуд үнэ нэмэн мөнгө нэхэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгаснаар авлигын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Авлигажсан субьектууд үнэ хөөрөгдөх боломжгүй болж Засгийн газруудад боломжит үнэ санал болгоно.
Амны хаалт, бээлий, гар ариутгагчийн эрэлт, хэрэгцээ нь мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд тодорхой хувийг эзэлдэг. Олон нийтийг хамарсан айдсыг далимдуулан ашиг олохын тулд худалдаачид ердийн хэрэглэгчдэд үнэ нэмэх асуудал гардаг.
Энэтхэг Улсад жижиглэнгийн үнээс дээгүүр үнээр борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүлээн авах утсыг иргэддээ зориулан бий болгосон. Amazon цахим худалдааны компани АНУ-д болон дэлхийн даяар коронавирусыг эмчилдэг, эсхүл тус вирусээс хамгаалдаг гэсэн хуурамч бүтээгдэхүүний жагсаалтыг интернэтэд устгаж байна.
Засгийн газрууд болон компаниуд ёс зүйгүй ашиг олох явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү ихийг хийх ёстой ба хувийн компаниуд ашиг хөөцөлдөх асуудлыг эн тэргүүнд тавихаас татгалзах хэрэгтэй.
ДУТАГДАЛТАЙ БАЙГАА ЭМИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ
COVID-19 өвчний улмаас БНХАУ, Энэтхэг болон бусад улсын эм үйлвэрлэгч компаниуд жорооор олгодог эм, бусад эмэнд ордог бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийг бууруулж байна. Чухал эм хүрэлцэхгүй байгаа ч төрийн байгууллагууд, тухайлбал, АНУ-ын Холбооны хүнс, эмийн хяналтын газар эдгээр эмийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй нэрлэхгүй байна. Энэхүү нээлттэй бус байдал нь нийлүүлэгч, хэрэглэгч, өвчтнүүдийн сэтгэлийг зовоож байна. Нээлттэй мэдээлэл байхгүйгээс ямар эм хомсдохыг мэдэхгүй тул эрүүл мэндийн салбар цаашдын шийдвэрээ боловсруулах, боломжит эмийн үйлдвэрлэгч нарыг олох зэрэгт хүндрэл учирч болзошгүй юм.
Хямралын үед компанийн эрх ашгийг бодохоос илүүтэйгээр амин чухал эмийн хангалтыг боломжтойг байлгах үүднээс Засгийн газрууд хомсдолтой байгаа эмийн жагсаалтыг нээлттэй байлгах хэрэгтэй.
ЭМЧИЛГЭЭ БОЛОН ВАКЦИН БҮТЭЭХЭД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ
Улс орнууд цар тахалтай тэмцэж байхад эрдэмтэн, судлаачид COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнөө эхлүүлээд байна. Үр дүнд нь засгийн газрууд вакцин хөгжүүлэх, гаргаж авахад ихээхэн хөрөнгө оруулж байна.
Тухайлбал, АНУ гэхэд 2002 оноос 700 сая ам долларыг коронавирус, тухайлбал, амьсгалын замын цочмог халтай хам шинж (SARS) болон ойрхи дорнодын амьсгалын замын цочмог хам шинж (MERS) зэргийг судлахад зарцуулаад байна. Гэтэл саяхан Англи коронавирус судлахад 20 сая фунт стерлингийг амлаад байгаа бөгөөд Европын холбоо энэ чиглэлийн өөрийн төсвийг 47.5 сая евро болгож өсгөв.
Хэдийгээр засгийн газрууд орон нутаг, муж, бүс нутаг ба улсын хэмжээнд онцгой байдлын нөхцөлд тусламж үзүүлэх, хуваарилах зорилгоор нөөцөө өсгөж буй үед авлигын эрсдэлийг бууруулахын тулд анхаарал, болгоомжтой байх шаардлагатай.
Авлигачдын халаасыг зузаатгахгүйн тулд Засгийн газрууд мөнгөн хөрөнгийн урсгалд мониторинг хийж, хөрөнгийг хянах хэрэгтэй юм.
КЛИНИКИЙН ТУРШИЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгийн 2009 оны тайланд анагаах ухааны судалгаа, боловсрол, үйлчилгээнд санхүүгийн ашиг сонирхол, хувийн нөлөөлөл ихээр тархсан байдаг талаар дурдсан байдаг. Вакцин гаргах асуудалд хувийн судалгааны байгууллагаас туршилт, судалгааны мэдээллийг санаатайгаар өөрчлөх явдал гардаг. Олон нийтийн эрүүл мэндийн иймэрхүү асуудалд хувийн бизнесийн байгууллага, салбарын нөлөөлөл иргэд, гэр бүл, олон нийтийг эрсдэлд оруулах талтай байна. Иймд кооронавирусын эсрэг гаргаж авах вакцин, эмийн үйлдвэрлэл нь хувийн компаниуд, эсхүл улс орнуудын нууц өрсөлдөөний талбар байх ёсгүй бөгөөд ил тод, хамтарсан ажил байх ёстой юм.
Энэ долоо хоногийн эхээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр коронавирусний эсрэг вакцин гаргах асуудлаар АНУ болон ХБНГУ-ын талаар мэдээллүүд (германы CureVac компанийн вирусны эсрэг вакцин гаргахаар ажиллаж буй судлаачдад ихээхэн хэмжээний мөнгө амласан талаар) гарч байсан нь хямралын үед эдгээр улсын тэргүүнүүдэд итгэх итгэлийг бууруулахаас гадна дэлхийн бусад улс орнуудад муу үлгэр дууриалал болж буй юм.
ГАХАЙН ХАНИАДНААС АВСАН СУРГАМЖ
Английн анагаах ухааны сэтгүүлийн мэдээлэлд дурдсанаар 2009-2010 оны гахайн ханиадны дэгдэлтийн үед Тамифлю эмийг зөвлөж байсанаас үүдэлтэй тус эмэнд дэлхийн хэмжээнд зарцуулсан хөрөнгө 18 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ. Гэтэл 4 жилийн клиник туршилтын мэдээлэлд хийсэн үнэлгээгээр Щвейцарийн эм үйлдвэрлэгч Роше компанийн Тамифлю эм нь гахайн ханиаданд парацетомолоос илүүгүйг тогтоожээ.
ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ НЬ
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгараад буй онцгой нөхцөл байдлын үед хуурамч мэдээлэл тархах болон COVID-19-ийн бодит аюул, хөнөөлийн тухай дуугарч буй эрүүл мэндийн салбарын албан хаагчдын эсрэг арга хэмжээ авах вий гэсэн болгоомжлол төрж байна. Төрөөс нь мэдээлэл өгөхгүй, чимээгүй байхад цар тахлын цөм болсон БНХАУ-ын Ухаань хотын эмч, шүгэл үлээгч Ли Венлянг цар тахлын ноцтой байдлын талаар цаг алдалгүй эрт анхааруулах гэж оролдож байв.
Мэдээллийн ил тод бус байдал нь Засгийн газарт итгэх итгэлийг бууруулах, хуурамч мэдээлэл тархах аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолсон.
ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЭРСДЭЛҮҮД
COVID-19-ийн улмаас эмнэлгүүд албан хаагчид, эмнэлгийн ор, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дутаж байна. Энэ нь авлигын эрсдэлийг бий болгож байна. Эмнэлгийн албан хаагчид өнөөдөр хэнийг эхэлж эмчлэх ёстой вэ, хэн нь илүү хүнд байна вэ гэдгийг тодорхойлох хэцүү сонголттой тулгарч байна. Энэ нь хээл хахуулийн орчинг бий болгож байна. Европын Холбооны 2017 оны тайланд дурдагдсанаар эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд Европын Холбооны иргэдийн 19 хувь нь хээл хахууль өгдөг гэсэн бол энэ үзүүлэлт ХБНГУ, Франц, Испани Улсад 29 хувь болж өссөн байна. Дэлхийн авлигын хэмжүүр 2019 оны судалгааны дүнгээр Африк, Ойрхи Дорнод, Хойд Африкийн улсуудад эрүүл мэндийн төв, эмнэлэгт хээл хахуулийн хэмжээ 14 хувьд хүрдэг байна. Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутагт энэ үзүүлэлт 10 хувьтай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болох эрт авахын тулд хээл хахууль өгөх хүсэлтэй өвчтнүүдийн улмаас төлбөрийн чадваргүй, эмзэг давхаргынхан жагсаалтын сүүлд үлдэх эрсдэлтэй байна.
ЭБОЛАГААС АВСАН СУРГАМЖ
Хямралын үе дэх, тухайлбал, 2014-2016 онд болсон Эбола вирусын дэгдэлт, тархалт болон түүнийг тогтоон барихаар оролдож байсан үйл явц нь авлигын талаар ихээхэн сургамж дагуулсан. Гвиней, Сиерра-Леон дахь Эболагийн дэгдэлтийн үед авлигын улмаас 6 сая ам.долларын хохирол амссан тухай Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээлж байсан. Эболагийн үед хөрөнгө завших, урвуулан ашиглах, цалингийн тайланг буруу гаргах, давхар санхүүжилт хийх, эрүүл мэндийн албан хаагчдад хахууль өгөх, хорионы бүсээс гарах зэрэг зөрчлүүд гарч байсан талаар тайланд дурджээ.
SARS-ААС АВСАН СУРГАМЖ
Амьсгалын замын цочмог халтай хам шинж (SARS) өвчний 2003 оны дэгдэлттэй холбоотой эрүүл мэндийн салбар дахь ирээдүйд үүсэж болох онцгой байдлыг зохицуулах, уялдааг хангах үндэсний удирдлагын төвийг Тайваньд байгуулсан. Ийнхүү ил тод байдлыг нэмэгдүүлэн, шинэ технологийг ашиглан урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж ажиллаж байгаа нь коронавирус мэт тархалттай тус улс амжилттай тэмцэх илүү боломжтой болсон.
Баруун Африк дахь Эбола болон Ази дахь амьсгалын замын цочмог халтай хам шинж (SARS) өвчний дараа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд зориулан нэмэлт хөрөнгө гаргасан, хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээ авснаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц сайжирсан талтай.
ХЭТИЙН ТӨЛӨВ
COVID-19 цар тахал үргэлжлэн тархаж буй энэ нөхцөлд эрүүл мэндийн салбарын эмзэг байдлын талаар нээлттэй хэлэлцэж байх нь чухал юм. Транспарэнси интернэшнл байгууллага нь амин чухал эм тариа, вакцины худалдан авалтыг сайжруулах, гэрээ, хэлцлийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлтөөс урьдчилан сэргийлэх, цаг тухай бүрт нь шаардлагатай байгаа эмийн талаарх мэдээлэл солилцож байх талаар Засгийн газруудыг уриалж байна.
Үүнээс гадна Засгийн газрууд клиник туршилтын мэдээллийн нээлттэй байдлыг хангах нь эрдэмтэдэд тэгээс эхлэх бус харин байгаа мэдээлэлд тулгуурлах боломж олгох юм.
Засгийн газрууд хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дэх хээл хахуулийн эрсдэлийг бууруулахын тулд шүгэл үлээж байгаа мэдээлэгчийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь мөн чухал гэдгийг онцолж байна.
Эцэст нь олон нийтийн эрх ашгийн төлөө зөв шийдвэр гаргахын тулд том бизнесийн болон хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах нь чухал юм. Улс төрийн, эсхүл том бизнесийн эрх ашиг бус харин олон нийтийн эрүүл мэнд ямагт нэгдүгээрт тавигдах ёстой.
Эх сурвалж: https://www.transparency.org
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар