Эрүүл мэндэд таагүй үр дагавар учруулдаг хумс мэрэх хорт зуршлаасаа салах цаг иржээ. Мэргэжилтнүүдийн баталснаар энэ нь коронавирусийн халдвар авах хамгийн энгийн арга гэнэ.
Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвийн харшил, халдварт өвчний салбарын нэрт мэргэжилтэн, доктор Пурви Парих энэ зуршлаасаа салахгүй бол коронавируст өртөх эрсдэл огцом нэмэгдэнэ гэжээ.
Хүний хумсанд бүхий л төрлийн нян, вирус, бохирдол хуримтлагдаж, амаар дамжин хүний биед ордог. Ялангуяа гараа тогтмол угаадаггүй хүмүүс үүнээс болж халдварт өртөх эрсдэл өндөр аж. Тухайн хүн нүүр, ам, хамар, эсвэл нүдэндээ хүрснээр нян, вирусийг биедээ дамжуулж байдаг.
Нян бактери амны хөндийг шууд нэвтрэх нь ямар ч халдварт өртөх хамгийн том боломж гэж доктор Парих хэлжээ. “Бид эмнэлгийн бүх ажилтандаа хумсаа богиносгохыг уриалж байна. Учир нь хумсан дотор олон тооны нян хуримтлагддаг бөгөөд нүүр, тэр дундаа ам, хамар, нүдэнд хүрэх л юм бол нянг дамжуулна” гэж тэрбээр ярьжээ.
Коронавирус ч мөн ийм тархах механизмтай. Тиймээс хумсаа мэрэх зуршлаасаа салах том шалтгаан гэж хэлж болно. Харамсалтай нь хүмүүс асуудлыг мэдэлгүй, хумсаа санамсаргүйгээр амандаа хийсээр байна.
Хумсаа мэрдэг буруу зуршлаасаа салъя гэвэл гартаа бээлий өмсөөд үз. Мөн бохь зажлах юм уу хурууны үзүүртээ тусгай резинэн тууз нааж үзээрэй. Түүнчлэн гараа ямагт завгүй байлгах нь буруу зуршлаасаа ангижрахад тусална.