Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн нэрийн даршилсан загасанд хордож эмнэлэгт хүргэгджээ.
Энэ сарын 15-17-нд Мөрөн суманд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” туршлага судлах сургалт семинарт оролцсон багш мэргэжилтнүүд буцах замдаа “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” зэрэг шилтэй болон утсан загас худалдаж авсан байна. Тэд энэ нэр төрлийн загаснаас Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа өгчээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд загасанд хордсон найм, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт долоон өвчтөн, Орхон аймагт гурван хүн гэрээр эмчлүүлж байгаа юм байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээг хэвийн явуулж байгаа аж.
Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд хаяг шошгын зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй юм байна.