Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Шадар сайдын 24 дүгээр тушаалаар үүрэг болгосны дагуу 03 дугаар сарын 24-ний өдөр шуурхай ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Биокомбинат”-дахь худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдан борлуулж буй мах, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон тус хороонд байрлах зарим аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад “Хайрхан био”, “Өв эрдэнэ”, “Мөнх-Ундрам”, “Гурван өнгө” худалдааны төв, дэлгүүрүүд хамрагдлаа.
1. Тус худалдааны төв, дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ үхрийн ястай мах 12000 төг, хонины цул мах 11000, хонины ястай 8500, алтан тариан дээд гурил 1 кг 1500 төгрөг, алтан тариан 1-р гурил 1 кг 1200 төг, будаа 1 кг 2650 төгрөг, элсэн чихэр 2200 төгрөг, монгол төмс 1 кг 1000, сонгино 1800, лууван 1 кг 1550 төгрөг, өндөг 350 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байна.
Худалдааны төв, дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.
2. “Биокомбинат”-д байрлах “Гурван өнгө” хүнсний дэлгүүр нөөцийг мах худалдаалж байна. Уг дэлгүүр нөөцийн махыг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаалж, үнийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод байршуулсан байна. Нөөцийн махны хувьд хангалт хэвийн, чанар сайн байна.
3. Ажлын хэсэг тус хороонд байрлах “Магнай трейд” ХХК, “Сод монгол групп” ХХК “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс АИ-92, дизель түлшийг литр тутамд 30-50 төгрөгөөр бууруулан иргэд хэрэглэгчдэд борлуулж байна.
Нийт иргэд, хэрэглэгч Та бүхнийг худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв Таны эрх ашиг зөрчигдвөл “Хэрэглэгчийн мэдээллийн утас-115”-т хандана уу.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР