Ирэх долоодугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг хойшлуулж байгааг Токио хотын захирагч Юрико Койкэ албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг цочроогоогоод буй цар тахлын дэгдэлтээс үүдэн уг наадмыг хойшлуулах тухай таамаг яриа гарсаар ирсэн билээ.
ОУОХ болон зохион байгуулагч Японы Засгийн газраас энэ тухай аливаа яриаг үгүйсгэсээр ирсэн бөгөөд Канад, Австрали зэрэг улсууд тамирчдаа Токиогийн олимпод оролцуулахгүй хэмээн мэдэгдэж, мөн олон улсын хөнгөн атлетикийн холбоо олимпийг хойшлуулах санал тавьсны дараа ОУОХ нөхцөл байдлыг авч үзэн хэлэлцэхээ илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар утсаар харилцан тохиролцоонд хүрчээ. Улмаар Токиогийн олимпын наадмыг нэг жил орчим хугацаагаар хойшлуулах Шинзо Абэгийн саналыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах 100 хувь санал нэг байна хэмээн хүлээн авчээ. Гэхдээ ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гаргах юм байна.