Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийж байна. /2020.03.23/ Өмнө нь таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ гэж байсан бол өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ хэмээн ДЭМБ-аас анхаарууллаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Африк тивийн дөрвөн улсад халдвар шинээр бүртгэгдлээ. Ихнэнх улс орнууд гэртээ өөрийгөө тусгаарлахыг иргэддээ зөвлөж байна. ДЭМБ-ын Европын бүсээс гэртээ байхдаа дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх зөвлөж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: АНУ-д 30 мянга гаруй иргэн Ковид-19 халдвар авсан байна. Нью-Йорк мужийн захирагч хэлэхдээ манай улсад 1930-аад оноос хойших хамгийн хүнд нөхцөл нүүрлэлээ. Халдварын тархалт 4, 5 дугаар сард нэмэгдэх хандлагатай байна гэсэн байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Юуны өмнө та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Истанбул-УБ-ын онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Токиогийн хотоос онгоцоор ирсэн 58 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүнээс мөн л вирус илрээгүй.
Халдвар авсан 10 хүний бие тогтвортой байна. Франц улсын иргэний уушгийг нарийн шинжлэхэд, уушгины эмгэг нь эмчлэгдэж, сэргэж байна гэсэн сайхан мэдээтэй байна” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Урд шөнө Орхон аймагт 44 хүн тусгаарлагдаж, тус аймагт нийт 88 иргэн тусгаарлагдлаа.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах, дархлааг дэмжих чиглэлээр шуурхай ажиллаж байна. 286 хүн эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэйгээ тусгаарлагдаж ажиллаж байна. Эхний эмч, мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарсан.
Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний эмч нарын жагсаалтыг гаргаж, туршлага дадлагаар нь эрэмбэлэн ажиллаж байна. шаардлагатай үед дайчлан ажиллана.
Манай улс нийт хүн амынха 0.4 хувийн эмнэлэгт хэвтүүлэх боломжтой гэв.