Олон улсын сэтгүүлчдийн холбоо буюу “IFJ” нь сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн эвсэл холбоо юм. Тус Холбоо нь үйлдвэрчний эвлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх зорилготой бөгөөд олон ургальч ардчилал, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дэмжих хүрээнд үүсгэн байгуулагдсан.
IFJ-д элсэхийн тулд сэтгүүлчид эхлээд өөрийн улсынхаа мэргэжлийн эвлэл эсвэл холбоонд хандаж хүсэлтээ гаргаж болно. Гэхдээ тухайн улсын мэргэжлийн эвлэл нь ажил олгогч эсвэл мэргэжлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрчний бус байгууллага бол ОУСХ-ны гишүүнчлэл нээлттэй бус байна хэмээн 2019 оны зургаадугаар сард баталсан үндсэн дүрэмд заажээ. Манай улсаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллагаар ажиллаж байна.
ОУСХ нь үзэл суртал, улс төр, төр засаг болон шашины аливаа байгууллагаас хараат бус байна. Холбоо нь өөрийн гишүүн байгууллагуудаа төлөөлөх, тэдэнд хөдөлмөрлөх үндсэн эрхийг хамгаалах болон мэргэжлийн бүхий л асуудлаарх мэдлэг боловсрол олгох, судалгаа шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж ажилладаг байна.
2019 оны зургадугаар сард Тунис улсын Тунис хотноо болсон ОУСХ-ны Дэлхийн Бүх гишүүдийн хурлаар 2019-2022 оны үндсэн дүрмийг баталсан байна. Энэхүү үндсэн дүрэмд ОУСХ-ны зорилго зорилт, гишүүнчлэл, гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс гарах зэрэг 7 бүлгийн хүрээнд нийт 60 дүрмийг баталсан байна. Дэлгэрэнгүйг доорх холбоосоор уншина уу.