[starbox]
Нийт нутгаар дулаарч, хөдөө орон нутагт голын усны түвшин нэмэгдэж байгаа тул албаны эх сурвалжууд амралт зугаалгаар яваа хүмүүст үер усны болон ой хээрийн түймрээс болгоомжлохыг сэрэмжлүүлсэн долоо хоног өнгөрлөө. Хэдийгээр албан ёсоор эхлээгүй ч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль олны анхааралд гүнзгий орж ирэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах гэсэн байж болзошгүй худал мэдээллийн эзнийг хуулийнхан хайв: МАХН сонгуульд нэр дэвших дэвших боломжгүй болсон даргынхаа оронд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж, түүнийг Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярын оронд бүртгэж авснаар “Ерөнхийлөгчийн сонгууль-2017” марафон гурван нэр дэвшигчтэй боллоо.
Сонгуулийн дөрөөн чимээ дэргэд ирсэн энэ өдрүүдэд нийгмийн сүлжээнд үнэн худлыг эс ялгам түмэн янзын мэдээлэл хөвөрч байна. Түүний нэг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэсэн фэйсбүүк хаягаас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна гэсэн худал мэдээлэл. Ямар нэгэн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах гэсэн байж болзошгүй дээрх мэдээллийн эзнийг хуулийн байгууллагынхан хайж эхэллээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ хүлээн авлаа: УИХ-ын даргад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүллээ. Төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг болоход 40 хоног үлдэж байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж хууль санаачилагч тайлбарлажээ.
Сургууль, эмнэлгийн ажилтнууд зээлийн хөнгөлөлт эдлэнэ: Өнгөрч буй долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулж 91.373 эмч, багш, ажилтнууд 18 хувийн хүүтэй цалингийн зээл авах боломжийг нээж өглөө. Зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх болзол тавигдсан нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын амьдралд эерэгээр тусч байгаа юм.
Мөн долоо хоногт Зам тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх транзит тээврийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үнэ тарифын хөнгөлөлт болон үйлчилгээний түргэн шуурхай байдлыг бий болгохоо амлав. Өмнөд хөршийн нийслэл Бээжинд зохион байгуулагдсан “Транзит -Монгол” чуулган уулзалтаар хоёр хөршийн зам тээврийн салбарын салбар болон хувийн хэвшлийн тээвэр зуучийн компаниудтай нэгдсэн ойлголтод хүрчээ.
Үүнтэй зэрэгцэн 2005 оноос хойш 12 жилийн турш тасарсан ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт дахин эхлэв. Энэ сарын 15-нд ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлсөн түүхий нефтийн транзит тээвэрлэлт сар бүр 50 мянган тонн байх хэлэлцээрийг талууд хийжээ.
Пирусын татварыг эргэн харж болно: Засгийн газар 2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байсан юм.
Харин Засгийн газар УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөлд тусгагдаад буй “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хуулийн өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар албан ёсоор мэдээллээ.
Э.Бат-Үүлийн тансаглалыг ил болгов: Улсын доторх улс гэгдэх нийслэлийн хувьд ч сонин мэдээтэй долоо хоног болж өнгөрлөө. Энэ долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ үеэр төлөөлөгчдийн дунд “Нийслэл хот өнгөрсөн дөрвөн жил сүүлийн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй байсан. Бас хамгийн их өр зээл тавьсан. Хотын өмнөх удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй, үрэлгэн зарцуулсан. Айл өрхөд тараасан хогны ногоон уутанд 2013, 2014 онд 5.7 тэрбум, нэг наст ургамал тарихад 2013, 2014 онд нийт 850 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан.
Мөн хөрөнгө оруулалтын данснаас ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 500, Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоосон” гэсэн яриа хөндөгдөв. 2013-2016 онд хотын дарга Э.Бат-Үүлийн баг 3.1 их наяд төгрөг зарцуулсан. Харин 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлага 665.5 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн харьцуулсан судалгаа гарч, Э.Бат-Үүлийн тансаглалыг ил болгов.