Хятадын Засгийн газар өчигдөр Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “Нью Йорк Таймс”, “Волл стрийт журнал”, “Вашингтон пост” зэрэг хэвлэл мэдээллийн гурван байгууллагын ажилтнуудыг эх орноосоо хөөж буйгаа зарлалаа.

Тодруулбал, дээрх хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчийн үнэмлэхний хугацаа нь оны өмнө дууссан, Америкийн иргэншилтэй сурвалжлагчдыг арван өдрийн дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд нэн даруй Хятадаас гарахыг шаардаж, цаашид Хятадын эх газар, Хонконг, Макаод сурвалжлагчаар ажиллах эрхийг нь хасжээ.

Хятадын ГХЯ-ны албан ёсны сайтад мэдээлснээр, АНУ-ын зүгээс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын нэр бүхий хэвлэл мэдээллийн таван байгууллагад тавьсан шаардлагын хариу болгож, тус улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын “Америкийн дуу хоолой”, “Нью Йорк Таймс”, “Волл стрийт журнал”, “Вашингтон пост”, “Тайм” зэрэг хэвлэл мэдээллийн таван байгууллагад хариу шаардлага хүргүүлэхээр болжээ. Дээрх байгууллагуудад Хятад улсад явуулж буй үйл ажиллагаа, санхүү, ажилтнуудын болон эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн мэдээллүүдийн тайланг өгөх шаардлага тавьжээ.

Мөн АНУ-аас Хятадын сэтгүүлчдэд тавьж буй визний шаардлага, захиргааны хяналт, сурвалжлах үйл ажиллагаанд тавьж буй хязгаарлалт, авч буй арга хэмжээнүүдтэй дүйцэхүйц арга хэмжээг Хятадын тал мөн АНУ-ын сэтгүүлчдэд тавихаа мэдэгдсэн байна.

Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сүүлийн жилүүдэд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагад суугаа орноос ирж буй дарамт шахалт, гадуурхалт нэмэгдэж, хэвийн үйл ажиллагаанд саад учруулах явдал нэмэгдэж байгааг онцолжээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн сард АНУ-ын зүгээс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Хятадын хэвлэл мэдээллийн таван байгууллагын ажилтны тоонд хязгаарлалт тавьж, олон тооны сэтгүүлчдийг эх орноосоо хөөсөн юм.

МОНЦАМЭ

By updown