Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний дүрмийг шинэчлэн баталлаа. Уг дүрмийн шинэчлэлийн талаар Эрчим хүчний яамны газрын дарга Б.Насантогтох тайлбар хийлээ.
Тэрбээр“ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалах дүрэм шинэчлэгдэн батлагдлаа. Эдгээр дүрмүүдэд 2001 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан. Энэ нь эрчим хүчээр хангагч байгууллага болон хэрэглэгчийн харилцааг зохицуулсан дүрэм юм.
Хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд шинэчлэгдсэн. Тухайлбал, хэрэглэгчийн эрчим хүч хэрэглэхтэй холбоотой техникийн нөхцлийн асуудлууд энд тусгагдсан.
Хэрэглэгчийн хүсэлт, саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Мөн богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд шийдэгддэг болж байна.
Хэрэглэгч хүсэлт гаргасныхаа дараа хийгдэж байгаа тооцооллыг цахимаар бүрэн хянах боломжтой системийг нэвтрүүлсэн. Үүнийг баталгаажуулсан дүрэм өнөөдөр батлагдлаа.
Хоёрдугаарт, Шугам сүлжээг хамгаалах дүрмийн шинэчилсэн. Тухайн хэрэглэгч төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүйгээр хашаа хатгах, шугамын трасст өөрчлөлт оруулах зэргээр хүндрэл учруулдаг. Ингэж хүндрэл учруулсан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалт тусгагдсан.
Эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын бүх харилцаа цахим болсон гэдгийг онцлон хэлье” гэлээ.