Эх сурвалж : ҮНДЭСНИЙ ШУУДАН
Дэлхий даяар цэвэр усны хэрэглээ 40 гаруй хувиар нэмэгдсэнээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын дөрөвний нэг нь цэвэр усны хомсдолд орно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.
Тэрбээр “Усны хүрэлцээ хангамж дэлхийн олон бүс нутагт муудаж, НҮБ-ын гишүүн 193 орны дөрөвний гурван хувь нь хөрш зэргэлдээ улстайгаа гол нуурын сав газрыг хуваан хэрэглэж байна” хэмээгээд ундны усны төлөө зөрчил тэмцэл үүсэхээс сэргийлэхийн тулд НҮБ-аас дипломат бодлого хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг онцолсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн дэлхийн хэмжээнд цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг мэдэгдэж байгаа юм. Одоогоор дэлхийн хэмжээнд хоёр тэрбум хүн бохир ус хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий.
Аргагүйн эрхэнд бохир ус хэрэглэсний улмаас жил бүр олон мянган хүн амиа алддаг. ДЭМБ-ын Олон нийтийн эрүүл мэндийн газрын тэргүүн Мария Нейра “Одоогоор дэлхийн хэмжээнд бараг хоёр тэрбум хүн бохир ус ундандаа хэрэглэж байна. Үүний улмаас булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, саа зэрэг өвчний тархалт нэмэгдэж байна. Аргагүйн эрхэнд бохир усыг ундандаа хэрэглэж байгаагийн улмаас цусан суулгаар л гэхэд жилд 500 мянга орчим хүн амиа алддаг” гэжээ.
Дотооддоо зөрчил тэмцэлтэй байгаа орнуудад 180 сая хүн ундны усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа ажээ. Зөвхөн Йемень Улсад л гэхэд 15 сая хүн ундны усны дутагдалд ороод байгаа бол Сири Улсад 6.4 сая хүүхэд, есөн сая гаруй хүн цэвэр усны хомсдолд ороод байгаа ажээ.
Нигерийн зүүн хойд нутгийн зөрчилтэй бүс нутагт цэвэр усны нөөц, ус дамжуулах байгууламжийн 75 хувь нь гэмтэж, эвдэрч сүйдсэн тул 3.6 сая хүн ам цэвэр усны үйлчилгээ авч чадахаа больжээ.