БНХАУ-д анх дэгдсэн Коронавирусийн халдвар өдгөө Европын орнуудад тархаад байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэж улс орнууд хүнд байдалд ороод байна. Уг халдвар гарсан даруйд л ДЭМБ-аас Монгол Улсыг хамгийн эрсдэлтэй бүс нутгаар зарлаад байсан билээ.
Тиймээс Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэхүү хорио цээрийн дэглэм нь энэ сарын 30-ны өдөр дуусгавар болно.
Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй байхад хорио цээрийн дэглэм тогтоож байсан билээ. Гэвч одоо гадны улс орноос ирсэн иргэдээс халдвар илэрч, Коронавирусээр халдварласан иргэдийн тоо 5, +1 болчхоод байгаа юм. Энэ нөхцөл байдалд сургууль, цэцэрлэгийн асуудлыг төр засгийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт эцэг эхчүүдийн анхаарлын төвд байна.
Өчигдрийн УОК-ийн хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлт зарим иргэдэд байсан боловч тодорхой шийдвэр гаргаагүй, харин БСШУС-ын яаманд үүрэг өгсөн гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэх асуудлыг эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Тандалт, судалгааны ажил явж байгаа, эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлээд байгаа тухай дуулгасан юм. Ингээд яамны саналыг үндэслэн БСШУС-ын яамнаас шийдвэр гаргаж, УОК-ын хуралдаанд танилцуулж, сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг сунгах, эсэх асуудлыг тодорхой болгох юм байна.