-Хятадад гудамжуудыг юугаар ариутгаж, бүтээгдэхүүнийг хэрхэн халдваргүйжүүлдэг хийгээд гэрийн гадаа улаан боолттой хэн жижүүрлэдэг тухай-
Хятадад гудамжуудыг коронавирусээс хамгаалан ямар нэгэн уусмалаар ариутгаж байгаа, мөн улаан уяатай хүмүүс жижүүрлэн зогсож байгаа зургийг бараг бүгд л харсан биз ээ. Хятадад хөл хорионы хугацааны турш байсан, энэ бүх халдварын аймшгийг өөрсдийнхөөрөө мэдэрсэн оросууд COVID-19-ийн эсрэг аюулгүйн ямар арга хэмжээ авч байсан, хүнсний бүтээгдэхүүн, хаалганы бариул, хувцас хэрэгслийг хэрхэн ариутгаж байсан, байруудад хэрхэн жижүүрлэж байсан тухай ярьжээ.
Туяра Саввина гэр бүлийн хамт Харбинд амьдардаг. Энэ саяхан коронавирусын нас баралтын хувь өндрөөс болж аюулын хамгийн дээд түвшинг зарласан юм. Бүсгүй эндхийн иргэдийг халдвар авахгүйн тулд авч байсан арга хэмжээнүүдийн талаар ярьжээ.
-Ид халдварын үеэр Хятадын гудамжуудыг тусгай уусмалаар ариутгаж байсан. Тэр нь яг юу юм бол?
-Тусгай техникээр халдваргүйжүүлэгч уусмал цацаж байсан. Түүнд яг юу ордгийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үнэр нь хлортой төстэй байсан. Гудамжуудад цагаан өнгөр тогтсон байдгаас үзэхэд хлорын уусмал байх.
-Орцнуудыг ч мөн адил уу?
-Байрны орц, цахилгаан шатнуудыг хлороор угааж байсан. Яг л эмнэлэгт байгаа мэт үнэртдэг байлаа.
-Та бүхэн гараа хэр ойрхон угааж байв?
-Гадаанаас орж ирэх тоолондоо. Дээр нь гар халдваргүйжүүлэгчээр нэмж үрнэ. Нүүрээ мөн л шууд угаах хэрэгтэй.
-Коронавирус тусахгүй байх нэг гол дүрэм нь вирусыг салстаар дамжин нэвтрэхгүйн тулд нүүрэндээ хүрэхгүй байх явдал…
-Тийм ээ, бид нүүрэндээ хүрдэггүй байсан.
-Нүүрэндээ хүрэхгүй байх хэцүү биш үү?
-Дасчихна аа. Тэгээд л тайван болно.
-Гарч орж ирснийхээ дараа гадуур хувцсаа яадаг байсан бэ?
-Тагтан дээр гаргаж, салхи агаарт байлгаж байгаад үүдний өрөөндөө өлгөдөг байсан. Байрнаас гарах үедээ л өмсөнө.
-Гутлаа яах вэ?
-Улыг нь хлорын уусмалаар арчина.
-Супермаркетаас авсан бүтээгдэхүүнүүдээ?
-Бүх бүтээгдэхүүнээ савтай нь заавал спиртээр арчиж цэвэрлэнэ. Гадаанаас орж ирлээ л бол худалдан авсан бүх зүйлээ угаалгын өрөөнд оруулаад, тетрапак, лаазан савлагаатай, хатуу эд зүйлсээ шууд халуун усанд угаана. Үүнийхээ дараа бүгдийг нь спиртээр дахин нэг удаа арчина.
-Хаалганы бариулаа арчиж байв уу?
-Тэгнэ. Гадаанаас орж ирснийхээ дараа хүрсэн бүх юмаа спиртээр арчина. Дээр нь утсаа ч спиртээр арчихаа бүү мартаарай.
-Гадаа бүх зүйлд зөвхөн бээлийтэй хүрч байв уу?
-Бээлийгээ огт тайлж байгаагүй. Хүйтэн байхад энгийн бээлий өмсөөд, гадуур нь нэг удаагийн бээлий өмсөнө. Харин дулаарахад зөвхөн латекс бээлийтэй явна.
-Латекс бээлийгээ ашигласны дараа хаясан уу? Эсвэл хоёр дахь удаагаа хэрэглэх үү?
-Мэдээж нэг удаагийнх болохоор шууд хаядаг байсан.
-Та ямар нэгэн тусгай халдваргүйжүүлэгч хэрэглэж байсан уу?
-Манай хотын бүх иргэнд нэг шил эмнэлгийн спирт үнэгүй тараасан. Хотын дарга ч бэлэглээд, спиртийн үйлдвэрийн захирал ч хандив өргөөд…
-Эмнэлгийн спиртээ усаар шингэлэх үү?
-Үгүй ээ, зөвхөн цэврээр нь хэрэглэнэ. Тэгэхгүй бол утгаа алдана шүү дээ.
-Та нар спиртээ шүршигчээр шүршиж хэрэглэж байв уу?
-Хөвөнд шингээгээд арчиж байсан.
-Хөл хорионы бүхий л хугацаанд хэдий хэмжээний спирт хэрэг болсон бэ?
-Литр спирт нэг сар болно. Ийм л байхад хангалттай.
-Гудамжны эмх журмыг сахидаг хүмүүс хөл хорионы үеэр жижүүрлэж байсан. Тэд халуун хэмждэг байсан юм уу?
-Улаан туузтай хүмүүс бол байруудын энгийн оршин суугчид буюу сайн дурынххан. Идэвхтэй хөршүүд. Оросыг тэднийг “орцны ахлах” гэж нэрлэдэг шүү дээ.
-Тэд өөрсдөө туслах гэдэг юм уу? Үнэгүй юу?
-Мэдээж өөрсдөө. Тэдэнд нэмэлт мөнгө өгдөггүй.
-Халдварын ид үед Хятадад маскнууд дууссан шүү дээ. Та нар яаж аргалав?
-Маск халдварын эхэн үед л дууссан. Онлайнаар ч авах боломжгүй байсан. Манайх ердөө л 50-хан масктай байсан. Хамгийн сүүлчийнх нь дуусах үед бид хуучнаа угаагаад, индүүдэж хэрэглэж байлаа. Тэгэхгүйгээр хаанаас ч авах билээ дээ. Гудамжинд маскгүйгээр гарч болохгүй байсан. Ер нь халдваргүйжүүлэх бүхий л зүйл хомсдолд орсон доо. Худалдаанд хлор, угаалгын бодис байхгүй болж, саван, тэр дундаа бактерийн эсрэг саванг бөөнөөр нь авч байлаа.
-Та нарт дархлаагаа сайжруулахын тулд ямар хүнс хэрэглэх тухай зөвлөж байсан. Энэ хугацаанд юунаас татгалзах хэрэгтэй вэ?
-Биднийг юунаас ч татгалз гээгүй. Дархлаагаа сайжруулахын тулд цагаан гаа, нимбэг, зөгийн балтай цай ууж байлаа. Цагаан гааг үрэгчээр нарийн үрнэ. Сонор соргог хөршүүд, сайн дурынхны тусламжтайгаар улс орон даяар хүмүүсээ хянаж чадаж байсан
Хөгжимчин Андрей Гузеев мөн л Харбинд аж төрдөг. Тэрбээр халдварыг хэрхэн даван туулах, яаж айж сандрахгүй байх талаар бүгдийг мэднэ.
-Миний хувьд хотын гудамжийг яаж халдваргүйжүүлж байгааг их сонирхож байсан. Гэвч уусмалынх нь найрлагыг олж чадаагүй, энэ тухай хаана ч бичээгүй, хэн ч яриагүй. Харин гар, гадаргууг спиртийн уусмалаар халдваргүйжүүлж байлаа.
-Эмийн сангуудад халдваргүйжүүлэгчдийг бөөнөөр нь худалдан авахгүй байна уу?
-Эмийн сангуудын халдваргүйжүүлэгчдийг маш хурдан худалдаад авчихсан. Гэхдээ олонх орон сууц, байруудад спиртийг үнэгүй тарааж, түүгээрээ байрны бүх гадаргуугаа цэвэрлэж байлаа. Бас бид хаалганы бариул, сангийн холболтуудаа байнга арчиж байсан.
Цахилгаан шатанд болон үүдний орчимд спирттэй салфетка байршуулж, товчлуур, хаалганы бариулуудад гараараа хүрэхгүй байх боломжтой болгосон. Бүх зүйлд салфеткаараа хүрч байлаа. Вирус сувгийн уураар дамжин гарч магадгүй гэсэн мэдээлэл гарсан, дээрээс нь Хятадад бүх сангууд усан хаалтгүй болохоор сангийн холболтуудаа байнга халдваргүйжүүлж байхыг зөвлөж байлаа. Ийм арга хэмжээ хэнд ч илүүдэхгүй.
Ихэнх гэр бүл гадуур хувцсаа гадаанаас орж ирмэгцээ халдваргүйжүүлж, бусад зүйлсээсээ хол хадгалж байлаа.
-Маскны асуудлыг яаж байв?
-Хэн нэгнийх нь маск дуусчихвал байрны захиргаандаа хандаад, түүгээр дамжуулан захиалж болж байсан. Хэд хоногийн дараа хүмүүс гэр бүлдээ шаардлагатай хэмжээний маск авсан. Бээлийг ч мөн адил.
Сайн дурынхан болон оршин суугчидтай онлайнаар чатаар харилцдаг байлаа. Бүх зөвлөмжийг Хятадын Эрүүл мэндийн яамнаас гаргаж байв.
-Сайн дурынхан гээд байгаа ухамсарт иргэд нь ямар хүмүүс вэ?
-Оршин суугчдыг зохион байгуулахад маш том үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс. Хятадад орчин цагийн орон сууц гэдэг тусдаа байшингууд биш, нийтийн газар нутгаар хаасан хэд хэдэн олон давхар байрнууд юм. Орон сууцны захиргааны суурин дээр оршин суугчдаас бүрдсэн сайн дурынхан байруудынхаа газар нутгийг хамгаалж, халдваргүйжүүлэлт хийж байлаа. Халдваргүйжүүлэх бүхий л хэрэгслийг улсаас явуулж байсан.
Сайн дурынхан байрны хамгаалалттай хамтран оршин суугчдын орж, гарч байгаа тэмдэглэл хөтөлж, “2-1-1” буюу гэр бүлийн зөвхөн нэг л гишүүн хоёр хоногт нэг удаа хүнсэндээ гарна гэсэн дүрмийг баримталж байна уу гэдгийг шалгаж байсан. Бас хөршүүдийнхээ халууныг хэмжиж, өдөр түр байруудаар явж, өвдсөн хүмүүсийн талаар эмч нарт мэдэгддэг байв.
Бүтээгдэхүүн, хүнсний хүргэлтийг хамгаалалтын цэгт хүргэж, тэндээс сайн дурынхан байруудаар тараах буюу оршин суугчид өөрсдөө очиж авдаг байлаа. Гэхдээ хүргэгчтэй огт уулзуулахгүй. Бараатай бүх хайрцгийг халдваргүйжүүлж байсан. Орон сууцны хогийг мөн л сайн дурынхан өвч, оршин суугчид хогоо хаалганыхаа цаана л гаргаж байв.
Сайн дурынхан дунд 60-70% нь коммунистууд. Дээр нь байрны эздийн олонх нь хөл хорионы үеэр төлбөрөө аваагүй хоёр сар болсон. Үүн дээр маш олон хүн өөрсдийн хуримтлалаасаа вирустэй тэмцэх тусгай дансанд шилжүүлж, эмч нарын сан руу мөнгө хандивлаж, эндээс эмч нарт шагнал олгож, халдвар авсан, нас барсны нөхөн олговор олгож байлаа. Түр эмнэлгүүд босгосон барилагчдын олонх нь цалингаасаа татгалзсаныг санаж байна.
-Ийм хэрэгцээнд зориулсан хувийн сангууд байсан уу?
-Сангууд нь улсынх. Гэхдээ жирийн иргэд бас л мөнгө хандивлаж байлаа.
-“Хүн бүр өөрийнхөө төлөө” гэсэн ойлголт хятадуудад байдаггүй?
-Хятадуудад бүх зүйл өөртөө болон хүмүүс гэдэг дээр төвлөрсөн. Жишээлбэл, Уханьд хөл хорио зарлах үед таван сая иргэн нь машиндаа суугаад, зөвхөн өөрсдийгөө бодоод хотоос гарсан. Тэгээд л халдварыг тараасан. Хөл хорио зарласны дараа зам хаах команд өгсөн эрх бүхий албан тушаалтныг сүүлд нь ажлаас нь халж, шүүсэн. Хөл хорио зарласнаас хойш хотыг гурван цаг нээсэн гэдэг юм билээ.
-Цагдаа нар хөл хорионы үеэр ямар үүрэгтэй байсан бэ?
-Тэднийг халдвартай хүмүүс илэрсэн үед л орон сууцны хорооллуудад жижүүрлүүлж, 14 хоногийн хатуу хөл хорио тогтооход оролцуулж байсан. Хоол хүнсийг зөвхөн сайн дурынхан л зөөж авчирч, айлуудын хаалгана гадна үлдээнэ. Хөл хорионы үеэр гэрээс гарахыг хориглож байлаа.
Бүхий л үйл явцыг видео хяналтын цэгийн хамгаалагчид болон сонор соргог хөршүүд хянаж байсан. Хөл хориог зөрчигчидтэй цагдаа нар ярилцана. Гэхдээ эмх журам зөрчих нь тун ховор, хятадууд их зарчимч юм билээ. Манай хотын гудамжинд маскгүй хүнийг хаа ч явуулахгүй, ойртох ч үгүй байсан.
Халдварын голомт болсон Уханьд маскгүйгээр гадуур явахыг хориглож байсныг л мэднэ. Үүнийг зөрчсөн хүмүүст торгууль ногдуулж, эмнэлэгт үзүүлэхээр авч явна. Халдварын эхэн үед бид гадаа байгаа цагдаа нараас аль эмийн санд маск зарж байгаа, яаж очих вэ гэдгээ асуудаг байсан. Тэдэнд бүхий л мэдээлэл байлаа.
Цагдаа нар мөн хот руу орох хэсгийг хянаж байсан. Хэрвээ хаалт дээр, эсвэл дэлгүүр орох, гэртээ харих замдаа тухайн хүн халуурвал сайн дурынхан, эсвэл эмнэлгийн жижүүрийн эмч дээр очиж, шинжилгээ өгнө. Ингэхгүй татгалзсан тохиолдолд хүчээр барьж аваад, захиргааны торгууль хүлээлгэнэ. Хөл хорионоос зугтсан хүнд томоохон торгууль ногдуулж, нийгмийн рейтинг нь буулгана. Ингэснээр ирээдүйд ажилд орох, зээл авах, орчин тойрныхонтойгоо харилцахад хэцүү болно гэсэн үг. Коронавирусын халдвартай хүн зугтвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүл болсных нь дараа хорих ял онооно.
-Бүх хүнийг үнэгүй эмчилж, шинжилж байсан уу?
-Үнэгүй. Бас нэг сонирхолтой зүйл нь эмнэлгийн ажилтнууд халуун бууруулах эм жоргүйгээр авсан хүмүүсийн талаар тусгай албанд мэдэгдэх үүрэгтэй байсан. Ийм худалдан авагчид шууд л сэжигтэнд орно. Мэдээллийн системийн төлбөртэй систем, нүүр царай таних системээр ийм хүний гэр бүлийн шалгахаар очдог. Энэ л Хятад улс халдвартай тэмцэж чадсаны гол нууц юм.
Эх сурвалж: https://www.mk.ru
Орчуулсан: Э.МАРТ