Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: COVID-19 халдвар нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7 улсад шинээр халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа.
COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахдаа Хятад Улстатай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ.
Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.
Мөн гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах брэнд зөвлөмж иргэддээ хэлье. Ард иргэд Та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, 3, 4 дүгээр сард монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Бид 219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 276 ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэж мэдээлсэн.
Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авна. Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна.
Халдвар авсан Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна.